Лондоны хөрөнгийн биржид бүртгэлтэй “Petro Matad” компани “BG Group”-тэй “фарм-аут” гэрээ байгуулан, газрын тосны хайгуулын IV, V талбайн 78 хувийг шилжүүлэх болсон талаар oilvoice.com цахим хуудсанд мэдээллээ. Улмаар 2017 оны долдугаар сар хүртэл хүчинтэй дээрх хоёр талбайд гүйцэтгэх ажилд (агаараас хийх соронзон болон хүндийн хүчний судалгаа, 2D чичирхийллийн судалгаа зэрэг) зориулан 28 сая ам.доллараар санхүүжүүлэх болсон байна. Тодруулбал, дээрх хоёр талбайд өмнө нь хайгуул хийгээгүй хэсгүүдэд судалгаа хийх гэнэ. Мөн тус гэрээнд зааснаар өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглах, өр төлбөрөө барагдуулахад зориулан 4.55 сая “ногоон”-ыг “Petro Matad” нэмж бэлнээр авах аж. Монголын дүрэм журмуудын шаардлагыг ханган, манай Засгийн газар баталснаар уг гэрээ хүчин төгөлдөр болох гэнэ.
“Petro Matad” компанийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл “IV, V талбайг дараагийн шатанд аваачих гэрээ байгууллаа. “BG Group”-тэй урт хугацаанд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярьжээ. Дашрамд дурдахад, “Petro Matad” нь охин компани “Capcorp”-оор дамжуулан 2009 оны долдугаар сард газрын тосны хайгуулын IV, V талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж байжээ. 28.900 ам.км IV талбай нь Улаанбаатараас баруун өмнө зүгт 500 км зайд оршдог байна. “Petro Matad” компанийн эзэмшиж байгаа V талбай нь 21.000 ам км аж. Мөн тус компани 10.340 ам км бүхий XX талбайг эзэмшдэг. Тэгвэл “BG Group” нь Лондоны хөрөнгийн биржийн FTSE 100-д бүртгэлтэй компани аж. Дээрх гэрээний талаарх мэдээ цацагдсан дараа Лондоны биржид “Petro Matad”-ын нэгж хувьцааны ханш өнгөрсөн баасан гаригийнхтай харьцуулахад 60 орчим хувиар өсөн 8.88 пенстэй тэнцэв.
Ц.Болормаа