ОХУ-ын Ерөнхийлөгч зарлиг гарган, 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон Монгол Улсын 350 ахмад дайчныг “1941-1945 оны Аугаа эх орны дайны ялалтын 70 жил” ойн медалиар шагнаж буй. Орхон аймагт суугаа ОХУ-ын ерөнхий консул Рыгзын Ракшаев Хөвсгөл аймагт амьдарч байгаа 11 ахмад дайчинд ойн медаль гардуулан өгч, “Миний аав олон дайнд оролцож явсан хүн. Магадгүй та нартай мөр зэрэгцэн тулалдаж явсан байх. Та бүхэн сайхан, дотно харагдаж байна. Ахмадууд та нараараа бахархаж байна” хэмээн хэлжээ. Тэрээр Архангай, Булган, Орхон аймагт аж төрж буй 29 ахмад дайчинд ойн медаль гардуулах юм байна.
Уг медалийг 2013 онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины зарлигаар бий болгосон юм. Дэлхийн II дайнд оролцож, ялалтад хувь нэмрээ оруулсан цэрэг, дайчид, партизанууд, ар талд байлдаж явсан хүмүүс, хорих лагериудад хоригдож байсан хүүхдүүд, ЗХУ-ын зэвсэгт хүчний бүрэлдэхүүн болон фашистын эсрэг бүлэглэлүүдийн эгнээнд тулалдаж явсан гадаадын иргэдэд гардуулж байна.