Завханы 10 аж ахуйн нэгж, иргэн “Улаан хальст сармис” дэд хөтөлбөрийн хүрээнд ноднин 2.2 га талбайд ийм сармис тарьж, 5.5 тн ургац хураан авчээ. Тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар өнгөрсөн жил улаан хальст сармис тарьсан ногоочидтой үрийн сармис нийлүүлэх гэрээ байгуулж, Орон нутгийн хөгжлийн сангийн 10 сая төгрөгөөр 200 кг сармисны үр худалдан авч, нөөцөлсөн аж. Уг үрийг энэ хавар өрхийн тариалан эрхлэгчдэд 5-10 кг-аар өгөх юм байна. Ингэхдээ эргэн төлөх нөхцөлтэйгээр, үр үржүүлэх гэрээ байгуулан олгоно. Ийм замаар улаан хальст сармисны тариалалтыг нэмэгдүүлж, үрийн хангамжийг сайжруулахаар зорьжээ.
Мөн “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын Завхан дахь орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн газартай хамтран, шинээр улаан хальст сармис тарих сонирхолтой 21 иргэнд “Улаан хальст сармис тарих, ургах үеийн арчилгаа, хураах, хадгалах технологи” сэдвээр гурван удаа сургалт, дадлага зохион байгуулжээ.