Авлигатай тэмцэх газраас мэдээлэл хийнэ гэсний дагуу өчигдөр бараг бүх л хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл тус газарт цуглажээ. Гэхдээ энэ удаа АТГ-ын удирдлага өмнөх зарчмаа өөрчлөхөөр шийдэж, зөвхөн хэвлэлийн ажилтан нь 2015 оны нэгдүгээр улиралд хийсэн ажлынхаа тайланг хэвлэлийнхэнд танилцуулав. Уг нь өмнө нь бүх газар, хэлтсийн дарга нар нь суугаад хийсэн ажлаа ярьж, дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулдаг байв. Тухайн үед Мөрдөн шалгах хэлтэс, албаны даргыг сэтгүүлчид “байцаадаг”, бусдаас нь юу ч асуухгүй шахам дуусгадаг байсан гэхэд хилсдэхгүй.
Тус газар энэ оны нэгдүгээр улиралд авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа нь 2014 онд хангалтгүй гэж дүгнэгдсэн ГХЯ, ЭМСЯ, Монголбанк, Үндэсний статистикийн хороо, Мал эмнэлэг үржлийн газар зэрэг байгууллагын удирдлагад үнэлгээгээ ахиулах, санаачилгатай ажиллах талаар зөвлөхийн зэрэгцээ Мал эмнэлэг, үржлийн газар, Налайх дүүрэг, Сангийн яам, Мэдээлэл технологи, шуудан, харилцаа холбооны газар, Барилгын хөгжлийн төв, Ховд, Говь-Алтай, Увс аймагт ажлын хэсэг ажиллуулжээ.
Мөн хууль тогтоомж зөрчиж, өөртөө урамшуулал олгосон Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга Ш.Хажидмаа, Налайх дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга П.Чинбат, өөрийнхөө зураг, АН-ын нэрийг цэвэр усны шошго дээр хэвлэсэн Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар нарт АТГ-аас сануулах арга хэмжээ авсныг тус газрын хэвлэлийн ажилтан Т.Мөнхтунгалаг мэдээллээ. Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын 2014 оны мэдүүлгээ гаргах ёстой төрийн өндөр албан тушаалтан 270 хүний 268 нь хуульд заасан хугацаандаа мэдүүлсэн нь энэ ажил хэвшил болсныг илтгэж байгаа юм.
Төрийн бусад албан тушаалд ажилладаг, хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргагч 38423 хүн бүртгэгдсэнээс 38422 нь буюу 99.99 хувь нь бүртгүүлжээ. Хуульд заасан хугацаанд 38421 хүн бүртгүүлсэн бол нэг иргэн хугацаа хожимдуулж, өөр нэг нь мэдүүлгээ гаргахаас татгалзсан нь МҮОНРТ-ийн Олон нийтийн зөвлөлийн гишүүн, гавьяат жүжигчин Д.Сосорбарам байв. Тэрбээр өөрөө энэ албан тушаалаасаа сайн дураараа татгалзаж буй учраас ямар нэг хариуцлага тооцолгүй өнгөрөх нь. Засгийн газар солигдож, үүнтэй зэрэгцээд төрийн албан хаагчдыг олноор нь халж сольж байгаа. Хэдийгээр Засгийн газраас олон хүнийг хоморголон халаагүй гэдэг ч нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 2912 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг АТГ хүлээн авсан нь халаа сэлгээний тоог илтгэж буй юм.
Тэднээс 2831 хүний урьдчилсан мэдүүлгийг хянаж, холбогдох байгууллагад хариуг нь хүргүүлж, 81-ийнх нь мэдүүлгийг нягталж байгаа аж. Тус газрын 1800-1969 тусгай дугаарт гэмт хэргийн шинжтэй 120 гомдол, мэдээлэл ирснийг нягталж, 24-т нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн энэ оны эхний улиралд 146 үйлдэлтэй, 125 холбогдогчтой 101 хэрэгт мөрдөн байцаалт явуулсан байна. Шалгаж буй хэргийн дийлэнхийг төрийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалаа урвуулах зүйл ангид хамаарах хэрэг эзэлж байгаа аж. Шалгасан хэргийн 17-г яллах дүгнэлт үйлдүүлэхээр, 18-ыг хэрэгсэхгүй болгох, 10 хэргийг түдгэлзүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, 42 хэрэгт холбогдсон хүмүүсийг байцааж байна.
Гэмт хэргийн улмаас 26.2 тэрбум шахам төгрөгийн хохирол учирснаас мөрдөн байцаалтын шатанд 393.8 саяын хохирлыг нөхөн төлүүлж, 3.9 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эд зүйл битүүмжлэн, 240.5 сая төгрөгийн нуугдмал мөнгө, эд хөрөнгө илрүүллээ. Яллах дүгнэлт үйлд үүлэхээр прокурорт шилжүүлсэн хэргүүдийн дунд олны анхаарал татсан нь “Нүүрс” хөтөлбөрийн гэх тодотголтой Л.Гансүх нарын, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл, ГССҮТ-ийн тасгийн эрхлэгч Б.Батзориг, “Цэвэр агаар” сангийн Н.Хүрэлсүх нарын хэрэг байгаа аж.
АТГ-ын хэвлэлийн ажилтан Т.Мөнхтунгалагаас олны анхаарал татсан зарим хэргийн талаар тодрууллаа.
-“Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Я.Батсуурь болон Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал нарыг танайхаас шалгаж байгаа. Тэд ямар хэрэгт холбогдсон юм бол?
-“Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Д.Батсуурийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан “Төрийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Д.Энхжаргалыг ч ялгаагүй тус зүйл ангид заасны дагуу сэжигтнээр шалгаж байна. Одоогоор үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй.
-Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг танайхаас дахиад шалгах болсон үндэслэл нь юу юм бол?
-Цагдаагийн байгууллагад шалгаж байсан хэргийг манайд шилжүүлсэн юм билээ. Үүний дагуу шалгаж буй боловч Н.Энхбаяр ямар ч мэдүүлэг тайлбар АТГ-т өгөөгүй. Мөн түүний дүү Н.Энхтуяа болон Б.Хуяг нараас тайлбар авах шаардлагатай боловч тэд ирэхгүй байгаагаас энэ хэргийг шалгах ажиллагаа удааширч байна гэв. Бидэнд олдсон мэдээллээр ЗБГХТГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байсан Н.Энхбаярт холбогдох бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн (МАХН-ын цагаан байрыг АНУ-ын иргэн А.Гинсбургээс) гэх хэргийг прокурорын байгууллагын шийдвэрээр АТГ-т шалгаж байгаад түдгэлзүүлсэн хэрэгтэй нэгтгэхээр болсон аж. Энэ хэргийг Н.Энхтуяа, Б.Хуяг нарын хэрэгтэй нэгтгэсэн бололтой.
Г.ЦОЛМОН