Засгийн газрын хуралдаанаар Богдхан уулын дархан цаазат газарт газар эзэмшүүлэх, ашиглах шийдвэрийг судалж, маргаантай асуудлыг шийдвэрлэх ажлыг БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нарт даалгасан. Уг асуудлаар хамтарсан ажлын хэсэг байгуулан судалж буй аж. Энэ талаар БОНХАЖЯ-ны Газрын нөөцийн зохицуулалтын хэлтсийн дарга Л.Нямаас тодрууллаа.
-Богдхан ууланд газар ашиглах зөвшөөрөлтэй ч зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулдаггүй иргэн, аж ахуйн нэгж хэр олон байдаг вэ?
-Хуульд зааснаар улсын тусгай хамгаалалттай газарт зөвхөн аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглуулах ёстой. Гэтэл Зайсанд газар ашиглах зөвшөөрөл авсан хуулийн этгээдийн 90 орчим хувь нь орон сууц, үйлдвэр, үйлчилгээний барилга, байгууламж барьсан. Тиймээс улсын тусгай хамгаалалттай газрыг өөр зориулалтаар ашиглаж буй хуулийн этгээд, тэнд барьсан барилга, байгууламж, олон жил суурьшсан иргэдийн асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдгийг бид судалж байна. Хууль зөрчөөгүй, газрын төлбөрөө цаг хугацаанд нь төлсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрх нь нээлттэй үлдэх байх. Харин бусад зориулалтаар ашигласан, ашиглуулж буй газрын хэмжээг дур мэдэн тэлж, бусдын ашиглаж буй газар руу нэвтэрсэн, газрын төлбөрөө төлөөгүй, 300 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн асуудлыг судалж, цэгцлэх шаардлага бий.
-Эрх бүхий албан тушаалтан хууль зөрчин газар олгосон тохиолдол олон?
-2005 он хүртэл Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга нарын зөвшөөрлөөр газрын гэрчилгээ олгодог байсан. Одоо бол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар тухайн газрын захиргаа, хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж болон сум, дүүргийн Засаг дарга гэсэн гурван талын гэрээг үндэслэн БОНХАЖ-ын сайдын тушаалаар улсын тусгай хэрэгцээний газрыг хуулийн этгээдэд аялал жуулчлалын чиглэлээр ашиглуулдаг. Гэтэл нэг жишээ хэлэхэд, Баянзүрх дүүрэгт холбогдох мэргэжилтнүүд хууль зөрчин Богдхан уулын 20- иод га газрыг 200 гаруй иргэн, аж ахуйн нэгжид өмчлүүлсэн байсан. Мөн Байгаль орчны яаманд Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан зарим хүн 475 иргэнд 1806.2 га газар ашиглахыг зөвшөөрсөн. Үүнээс 227 иргэнд 24.5 га газрыг зуслангийн зориулалтаар олгосон байгаа юм. Мөн нийслэл, дүүргийн зарим удирдлага Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль зөрчиж 113 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 450 га орчим газрыг хууль бусаар олгосон.
-Богдхан ууланд газар эзэмшүүлэх, ашиглах эрхийг давхардуулж олгосон тохиолдол цөөнгүй. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Ойролцоогоор 229.5 га талбайд газар ашиглах, эзэмших эрх давхардсан. Байгаль орчны сайдын олгосон газарт нийслэл, дүүргийн Засаг дарга нар давхардуулж эрх олгосон байсан. 1992 оноос хойш Богдхан ууланд газар ашиглах, эзэмшүүлэх эрх олгосон тушаал, шийдвэрийг Улсын төв архиваас шүүж байгаа. Удахгүй газар ашиглаж, эзэмшиж буй хуулийн этгээдүүдийн газрын гэрчилгээнд тулгалт хийнэ. Энэ хугацаанд бүртгүүлээгүй мөн газрын төлбөрөө төлөөгүй хуулийн этгээдийн газар ашиглах, эзэмших эрхийг цуцлах асуудал яригдана. Тиймээс иргэд аж, ахуйн нэгж зарласан хугацаанд тулгалтаа хийлгээрэй.
Т.БОЛОР-ЭРДЭНЭ