Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сургуулиас гадуурхи сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор Монголын Хүүхдийн ордны салбар дугуйланг Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороо, Баянзүрх дүүргийн хоёр, есдүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 15, 18 дугаар хороонд байгуулсан. Уг ажлын хүрээнд салбар дугуйланг шинээр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Архустайд нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан, Монголын Хүүхдийн ордны захирал П.Анхтуяа нар оролцов.
Нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Сүхбаатар дүүргийн 12-20 дугаар хорооны багачуудад Монголын хүүхдийн ордны авъяаслаг сурагчид урлагийн тоглолтоор бэлэг барилаа. Одоогоор дугуйлангуудад нийт 1462 хүүхэд хамрагдан суралцаж байна. Салбар дугуйлан нь таван танхимтай, мэргэжлийн арван багштай бөгөөд 540 гаруй хүүхдийг дугуйландаа хамруулах боломжтой.
Одоогоор дуулаач, бүжиг, шатар, драм, уран зохиолын дугуйлан хичээллэнэ. Цаашид салбар дугуйланг Баянзүрх дүүргийн Шар хад, Дарь-Эх, Чингэлтэй дүүргийн Хайлаастад нээхээр ажиллаж байгаа юм. Дугуйланд ажиллах багш нарын цалин, урсгал зардал гэх зэрэг санхүүгийн асуудлыг нийслэлээс бүрэн шийдвэрлэж 2015 оны төсөвт тусгасан.
Харин Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллага тус үйл ажиллагааг дэмжиж, эхний ээлжинд өөрийн байранд хичээллэх боломжийг олгожээ.
Дашрамд дурдахад тухайн нутаг дэвсгэрт амьдардаг бяцхан хүүхдүүд Монголын Хүүхдийн ордоны салбар дугуйланд үнэ төлбөргүй хичээллэнэ.