УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцсэнээс Казиногийн тухай хуулийн төсөл анхаарлын төвд байлаа. Уг хуулийн төслийг өмнөх Засгийн газрын үед Соёл, спорт, аялал жуулчлалын яам боловсруулсан. Тэгвэл өдгөө Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас УИХ-д өргөн мэдүүлэн хэлэлцүүлж байна. БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол “Монгол Улсын эдийн засаг уул уурхай хэмээх ганц салбараас хараат болсон. Эдийн засгийг төрөлжүүлэхэд, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд казино эерэг нөлөө үзүүлнэ” гэж тайлбарлаж байв. Уг хуулийн төсөлд Монголд эхний ээлжинд хоёр казино байгуулахаар тусгажээ. Гэхдээ хаана барихыг хуулиар тогтоож өгөхгүй, шийдэх эрхийг Засгийн газарт үлдээх аж. Казинод Монгол Улсын иргэнийг тоглуулахгүй, зөвхөн 21-ээс дээш насны гадаад хүн тоглох эрх олгох гэнэ.
Казино байгуулах тусгай зөвшөөрлийг 10 жилийн хугацаатай олгох бөгөөд 35 тэрбум төгрөгийн төлбөр авахаар тогтжээ. Мөн тусгай зөвшөөрлийг 10 жилээр сунгах юм байна. Казиногийн цогцолборын 85 хувийг зочид буудал, үйлчилгээний талбай эзлэх бол үлдсэн хэсэгт тоглох орчин бүрдүүлэх аж. Хоёр казино байгуулснаар улсын төсөвт жил бүр 74-138 тэрбум төгрөг төвлөрүүлэх тооцоо хийсэн байна. Түүнчлэн казинод зөвхөн Монгол Улсын иргэд ажиллахаар хуульчлах гэнэ. Ер нь бусад орнууд казинодоо зөвхөн өөрийн улсын иргэдээ ажиллуулдаг жаягтай юмсанж. Манай улсад 1998 онд казиногийн тухай хууль баталсан. Гэвч тухайн үед УИХ-ын гишүүн Д.Баттулга, С.Батчулуун, Д.Энхбаатар нарыг авлига авч, уг хуулийн төслийг батлуулахаар лообийдсон гэж буруутгасан. Эцэст нь тэднийг авлига авсан биш, татвараас зайлсхийсэн хэргээр ялласан билээ.
Улмаар УИХ-аас казино байгуулахыг хориглосон хууль баталсан түүхтэй. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүд энэ түүхийг нэхэн дурсаж, хоосон хардлага дагуулах зүйл хийж болохгүйг сануулж байсан юм. Казино дампуурсан түүх дэлхийд байхгүй аж. Мөн дунджаар 40-60 хувийн цэвэр ашиг олдог учраас хөрөнгөтнүүд энэхүү бизнест хөл тавихыг ихээхэн сонирхдог. Тиймээс тусгай зөвшөөрөл эзэмшихийн төлөө улстөрчдөд авлига хээл хахууль өгч магадгүй гэсэн хар үргэлж дагадаг жамтай. УИХ-ын гишүүд ажлын хэсгийнхнээс хуулийн төслийг боловсруулахад хэрхэн судалгаа хийсэн болон яагаад монгол хүн тоглохыг хориглосон, казиног ашиглаж мөнгө угаах гэмт хэргийг хэрхэн хянах вэ гэх зэрэг асуулт тавьсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр нутагт нь казино байгуулчихаад байхад монголчууд Сөүл явж казино тоглосоор байх уу гэж асуусан юм.
Д.Оюунхорол сайд “Сөүл, Макаогийн казиногийнхонтой холбогдож тэнд тоглодог монголчуудын мэдээллийг авсан. Үнэхээр олон монгол хүн Сөүл, Макаогийн казинод тоглодог юм билээ. Монголчууд тоглоомонд, архинд донтоод биеэ татаж авч чадахгүй байна. Монголчууд казиног сөргөөр хүлээж авдаг. Эхний ээлжинд загвар байдлаар хоёр казино байгуулаад гадаадынханд үйлчлээд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд, татвар хураамж өсөхөд хэрхэн нөлөөлөхийг харуулах зорилгоор ийм заалт оруулсан. УИХ-ын гиш үүд хэлэлцээд өөрчлөөд явах боломжтой” гэж хариулав. Ажлын хэсгийнхэн Өмнөд Солонгос, Макао, Сингапур зэрэг зургаан улсын казиногийн хуулийг судалжээ. Макао өөрийн улсын иргэдээ казинодоо тоглохыг зөвшөөрдөг аж. Тэгвэл Сингапурын иргэд казинодоо 5000 сингапур доллараас бага мөнгөний мөрий тавьж тоглох эрхтэй гэнэ.
Дийлэнх орнууд иргэдээ казинодоо тоглохыг зөвшөөрдөг ч тодорхой хязгаар, хяналт тавьдаг аж. Өөрийн иргэддээ казинод тоглох эрхийн карт олгох, гишүүнээр бүртгэх зэрэг зохицуулалт хийдэг байна. Картгүй, гишүүнчлэлгүй иргэд нь тоглох боломжгүй гэсэн үг. Иргэдээ мөрийтэй тоглоомонд донтвол ар гэрийнхэнтэй нь зөвлөлдөөд тоглохыг нь хориглох ч зохицуулалт байдаг аж. Казиногоор дамжуулж хууль бусаар олсон орлогоо угаах оролдлого нэлээд гардаг. Хятад улс казинод мөнгө угаасан төрийн өмчийн компанийн 10 гаруй захирлаа цаазаар авсан удаатай. Казинод мөнгөө угаах хяналтын системийг бусад орнууд нэвтрүүлсэн байна. Энэ системийг казинодоо нэвтрүүлэх гэнэ. Асуулт хариулт үргэлжилсний дараа УИХ-ын гишүүд саналаа хэлэв.
Л.Болд: -Засгийн газар огцроогүй байсан бол би энэ хуулийн төслийг дэмжих байлаа. Засгийн газар хуулийн төслөө буцааж татсан нь дээр. 1998 онд казиногийн хуулийг боловсруулсан Засгийн газрыг огцруулсан. Баталсан Засгийн газрыг огцруулсан. Дараа нь С.Зориг бусдын гарт амиа алдсан. Хоёр компанид зориулсан хууль гэж юу байх вэ. Бас казиногийн үндэсний зөвлөл байгуулна ч гэх шиг хөгийн юм ярих юм. Казино байгуулахыг эсэргүүцэж байгаа юм биш. Удахгүй зөвш өөрлийн тухай хуулийг хэлэлцэнэ. Энэ хуульд казиногийн тусгай зөвшөөрөл олгох талаар тусгаж өгье. Онцгой албан татварын тухай хуулиа өөрчлөөд ямар татвар авахаа тогтооно биз. Бусад Зохицуулалтыг Засгийн газар шийдээд яваг.
Ж.Батзандан: -Монголчуудыг казинод тоглуулахгүй гэж тусгасан нь маш сайн зохицуулалт болжээ. Гэхдээ монголчуудыг тоглуулах талаар бодолцох ёстой. Мөрий тавих хэмжээг нь хязгаарлах гэх мэт Сингапурын зохицуулалтыг хэрэглэж болно.
Х.Тэмүүжин: -Казиног дагуулаад спортын шоу гэх мэт жуулчдыг татах олон зүйл зохион байгуулдаг. Казино жуулчдыг татах нь гарцаагүй. Гэхдээ бид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бэлтгэлээ базаах ёстой. Казино хамгаалалт ажиллуулж таарна. Өөрсдөө хамгаалалтаа зохион байгуулбал тэр компанийн удирдлагын зааврын дагуу ажиллаад нэг бүлэглэл болчихвол буруу. Тиймээс хамгаалалтын албадад хууль сахиулж ажиллах лиценз олгох хэрэгтэй. Тусгай лицензтэй хамгаалалтын алба хуулиа сахиж ажиллана. Үүнтэй хамт хамгаалалтын албыг лицензжүүлэх хуулийг баталъя.
-Д.Оюунбаатар:- Хоёр том нам нь казиног нэг нэгээр эзэмших нь гэх мэтээр хардаад эхэлж байна. Тиймээс казиногийн тусгай зөвшөөрөл олгох аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах ажил чухал. Өмнөх казиногийн хуулийг тойрсон хардлагыг энд давтах хэрэггүй. Чөлөөт бүсэд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн компанид казино байгуулах эрх өгөх талаар бодолцоорой.
-О.Баасанхүү:-Энэ хуулийг хэний захиалгаар боловсруулснаа шударга хэл. Дэлхийд казиногийн бизнес эрхэлдэг зургаан том компани бий. Тэдний нэг нь захиалга өгсөн байгаа. 1998 онд Макаогийн компанийн захиалгаар хууль боловсруулсан байсан нь хожим ил болсон шүү дээ. Ийнхүү гишүүд саналаа хэлж дууссаны дараа Казино байгуулахыг хориглосон хуулийг хүчингүй болгох, Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжих томъёоллоор санал хураав. Хуралдаанд оролцсон 14 гишүүний 11 дэмжсэнээр уг хуулийг төслийг хэлэлцэхээр боллоо.
Т.ЭНХБАТ