Франц Улсын Шамберигийн Их сургуульд суралцаж буй Монгол оюутан Баярмаа, Нурсаяа, Хонгорзул нар тус хотын захиргаанаас жил бүр зохион байгуулдаг гадаад улсын оюутан залуус эх орноо сурталчлан танилцуулах олон улсын фестивалд хоёр дахь жилдээ амжилттай оролцлоо.
Фестивалийн зорилго нь олон улсын оюутнууд өөрсдийн хэл соёл, түүх, уламжлалыг Шамбери хотын оршин суугчдад танилцуулах, сурталчлахад оршдог юм.
Манай улсын гурван оюутан Монгол үндэсний хувцсаараа гоёж, үндэсний хоолоо бэлтгэн хоёр өдрийн турш эх орноо амжилттай сурталчиллаа.
Түүнчлэн Монголыг сонирхсон, Монгол руу аялахыг хүссэн хүмүүст зөвлөгөө өгч, франц хэлээр хэвлэгдсэн Монголын тухай сэтгүүлийг бэлэглэжээ.
Энэ жилийн 17 дахь удаагийн фестивальд 28 орны 100 гадаад оюутан оролцсон ба 4000 орчим хүн үзэж сонирхсон байна.