Өчигдрийн байдлаар Улаанбаатар хотын найман дүүрэг, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний 742 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Үүнээc 152 тохиолдол нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.
ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч ноён Су Нюунт У-гаас дараах мэдээллийг тодруулав.
-Монголд улаанбурхан өвчин бүртгэгдээд байна. Үүний эсрэг ДЭМБ-аас ямар арга хэмжээ авч байна вэ?
-Улаанбурхан өвчний дэгдэлтийг хэрхэн зогсоох вэ, хэрхэн дахин дэгдэлт гаргахгүй байх тал дээр ажиллаж байна. Энэ удаагийн дэгдэлт бидний анзаарснаар 9 сараас доош насны хүүхэд болон 20-иос дээш насны хүн өвдөөд байна. Монгол Улсад одоо мөрдөж байгаа дархлаажуулалтын үндэсний товлол ёсоор бол улаанбурханы вакцины хамгийн эхний тунг есөн сартай хүүхдэд хийдэг. Гэтэл есөн сар хүрэхээсээ өмнө буюу вакцинжуулалтад хамраагүй байхдаа энэ өвчнөөр өвчилж байна. Тухайлбал, 4-6 сартай нярай хүүхэд өвчлөгсдийн дийлэнхийг эзэлж байгаа учир нэмэлт дархлаажуулалтыг яаралтай хийх шаардлагатай болжээ. ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангаас 6 сараас 5 настай хүүхдийн дунд улаан бурхны эсрэг нэмэлт вакцины тун хийнэ гэсэн чиглэл барьж ажиллаж байна. Энэ нь хүүхдийн дархлааг сайжруулахад чухал ач холбогдолтой.
-Вакциныг хэзээ оруулж ирэх вэ?
-НҮБ-ын Хүүхдийн сан вакциныг энэ сарын сүүлээр оруулж ирнэ. Орон даяар зургаадн сараас таван нас хүртэлх хүүхдэд ирэх сараас эхлэн үнэ төлбөргүй хийнэ. Үүнийг “Бүүстер вакцин” буюу нэмэлт дархлаажуулалт гэж нэрлэдэг. Нэмэлт гэдэг нь товлолын вакцинаасаа гадна нэмж дархлаажуулах тун авахыг хэлж байгаа юм.
-Анхны тохиолдол нь Хятадаас зөөвөрлөгдсөн гэсэн. Ямар замаар орж ирсэн юм бол?
- Цагаан сарын үеэр Монголчууд урд хөрш рүү аялал жуулчлал, худалдаа наймаа хийхээр их зорчдог. Анхны тохиолдол нь 19 настай залуу байсан. Тэр залуу өвдөж дэгдэлт гарсан. Ямар ч байсан импортлогдсон тохиолдол гэж үзэж байгаа.