Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилыг орон даяар сурталчлах сарын аяны хүрээнд Биеийн тамир спортын хөгжлийн төв /БТСХТ/-өөс ЭМСЯ-ны танхимд спортын сэтгүүлчдээс бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил авахын зэрэгцээ уг асуудлаар хэвлэлийн бага хурал хийв.
Сорилд хамрагдаж өөрийн бие бялдрын хөгжил ямар байгааг биеэрээ мэдэрсэн спортын сэтгүүлчид эрүүл байхын үндсийн үндэс өөртөө тавих хяналт гэдгийг ойлгож авсан гэдгээрээ онцлогтой байв. Тус хуралд ЭМС-ын дэд сайд Т.Болдбаатар, Нийтийн БТС-ын бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албыг түр орлон гүйцэтгэгч Х.Бакытжан тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.
Дэд сайд, “Хүн төрөлхтний амьдралын хэв маягийн өөрчлөлт, мэдээлэл, техник технологийн хөгжлөөс шалтгаалан хөдөлгөөний хомсдол нэмэгдэн хүний бие бялдрын хөгжлийн үзүүлэлт буурч, спортоор хичээллэгч хүүхэд, залуучуудын тоо цөөрч байгааг ДЭМБ, НҮБ-ын БСШУ-ны байгууллага, Олон улсын олимпийн хороо /ОУОХ/ хүлээн зөвшөөрч байгаа юм. Иймд төр, засгийн удирдлагуудад хүн амын биеийн тамир, спортоор хичээллэх орчин, нөхцлийг бүрдүүлж, хувь хүн, гэр бүл, хамт олонд эрүүл аж төрөх арга барил, зан үйлийг төлөвшүүлэх замаар хүний хөгжлийг сайжруулахад анхаарлаа хандуулахыг зөвлөж байна. Хөдөлгөөн, эрүүл мэндийн талаар дэлхий нийтийн чиг хандлага өөрчлөгдөж идэвхтэй хөдөлгөөн нь эрт нас баралтын түвшинг бууруулж, халдварт бус өвчний анхдагч эрсдэлт хүчин зүйл хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх арга болж зүрх, судасны болон чихрийн шижингийн тархалт, хүндрэлийг багасгаж, эрүүл мэндийн тусламжийн зардлыг хэмнэж, хүн амын болон хувь хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлдэг. Идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллэж, бие бялдраа эрүүл чийрэг байлгах, эрүүл мэндээ сайжруулах боломж, бололцоо, хүсэл эрмэлзлэл нь хувь хүнээс хамааралтай. Иймд БТСХТ-өөс хүн амын бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшинг үнэн зөв тодорхойлон хянах боломжоор хангагдах сорилын аргачлал, зөвлөмжийг боловсруулсан. Үүнийг спортын сэтгүүлчид та бүхэн, хүн бүрт таниулан сурталчилж, амьдралдаа хэрэгжүүлэхэд нь туслая” хэмээн онцлов.
БТСХТ-ийн Нийтийн биеийн тамир, спортын хөгжлийн хэлтсээс 2015 оны дөрөвдүгээр сард хүн амын бие бялдрын хөгжилт, чиирэгжилтийн түвшинг тодорхойлох сорил болон сургалтыг орон даяар зохион байгуулж байгаа юм. Тухайлбал, энэ сарын 2-3-нд БТСХТ-ийн Хурлын танхимд Хүн амын бие бялдрын хөгжилт, чиирэгжилтийн түвшинг тодорхойлох сорилыг зохион байгуулах төв, орон нутгийн биеийн тамирын арга зүйчдийн сургалт явуулсан. Мөн БТС-ын их дээд сургууль, коллежийн биеийн тамирын тэнхмийн багш нарт болон ЕБС-ийн биеийн тамирын багш нарын сургалт явуулаад байна. БТС-ын салбарын 2015 оны Бүсчилсэн сургалтын баруун бүсийн сургалтыг энэ сарын 13-15-нд Говь-Алтай аймагт, зүүн бүсийг 20-23-нд Сүхбаатар аймагт, төвийн бүсийн ирэх сарын 29-нөөс тавдугаар сарын 2-нд Сэлэнгэ аймагт, хангайн бүсийг тавдугаар сарын 13-16-нд Архангай аймагт тус тус зохион байгуулахаар болжээ. Мөн ХБИ-дийн ЕБ-ын тусгай дунд сургуулиудын эмч, биеийн тамирын багш, дасгалжуулагч нарын сургалтыг энэ сарын 24-нд, Сургуулиийн өмнөх боловсролын байгууллагуудын биеийн тамирын багш, эмч, арга зүйчдийн сургалтыг 28-нд тус тус зохион байгуулах юм.
Дэлхийн хөгжиж байгаа улс орнууд хөгжлийнхөө явцыг хурдасгах, хөгжүүлэхдээ хүний хөгжилдд онцгой анхаарч иргэдээ эрүүл энх, бүтээлч, урт удаан амьдрах таатай орчин нөхцлийг бүрдүүлэх замаар эдийн засгийн тогтвортой хөгжлийг хурдасгах чиг хандлагыг баримтлах болсон туршлагыг Монгол Улс ийнхүү хэрэгжүүлж байна.