Улсын ерөнхий прокурорын тушаалаар Нийслэлийн прокуророор Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II хэлтсийн дарга, хурандаа Б.Амгаланбаатарыг томилохоор шийдвэрлэжээ. Түүнийг уржигдар орой тус хэлтсийн даргын албан тушаалаас ЦЕГ-ын даргын тушаалаар чөлөөлсөн байна.
Хурандаа Б.Амгаланбаатарын хувьд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, УМБГ-ын хэлтсийн болон тус газрын дарга, ЦЕГ-ын Хүний нөөцийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад Чингэлтэйн Цагдаагийн II хэлтсийг удирдах болсон юм. Уг нь Нийслэлийн болон Дүүргийн I, II прокурорын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлаж өнөөдөр дүгнэхээр төлөвлөсөн байсан бөгөөд Нийслэлийн прокурорын албан тушаалд гэхэд АТГ-ын Мөрдөн шалгах албаны дарга Э.Амарбат тэргүүтэй хэд хэдэн хүн нэрээ дэвшүүлээд байсан юм.
Гэвч сонгон шалгаруулалтаа дүгнэлгүй томилсон нь прокуроруудын гайхашралыг төрүүлжээ. Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан өчигдөр гаргасан тушаалаараа Нийслэлийн прокуророос гадна Дүүргийн I прокурорын газрын прокуророор тус газрын Тамгын хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Бат-Очир, Дүүргийн II прокурорын газрын прокуророор Нийслэлийн прокурорын газрын хэлтсийн дарга Д.Отгонбаяр нарыг томилжээ.
Г.Бат-Очирын хувьд Баянхонгор, Дархан- Уул аймгийн болон Сүхбаатар дүүргийн прокуророор ажиллаж байсан туршлагатай. Д.Отгонбаяр нь УЕПГ-т хяналтын прокурор, Налайх дүүргийн прокурор зэрэг албан тушаалыг хашиж байсан нэгэн юм.
Г.РАВЖАА