Австралийн үйлдвэрлэгчид, Японы худалдан авагчдын гэрээ, Хятадын эрэлтээс харахад коксжих нүүрсний үнэ хямдрахаар байгааг “Reuters” мэдээлжээ. “BHP Billiton” компаниас “Nippon Steel”-д хоёрдугаар улиралд FOB нөхцөлөөр (нийлүүлэгч таваарыг худалдан авагчийн сонгосон усан онгоцонд хүргэх үүрэгтэй) худалдах тонн хатуу нүүрсний үнэ 109.5 ам.доллар болж буурсныг “Morgan Stanley” тэмдэглэсэн байна.
Энэ нь өмнөх улирлын гэрээний дүнгээс зургаан хувиар хямдарсан үнэ аж. Коксжих нүүрсний үнэ 2011 онд тонн нь 300 орчим ам.долларт хүрч байсантай харьцуулахад 60 гаруй хувиар доошлоод буй гэнэ. Статистикаас харвал урд хөрш өнгөрсөн онд 62.3 сая тонн коксжих нүүрс импортолсон нь 2013 оныхоос 17 хувиар буурсан үзүүлэлт юм байна.
Мөн энэ оны эхний хоёр сард Хятад улс 7.98 сая тонн “хар алт” худалдан авсан нь өмнөх жилийн мөн үеэс 13.6 хувиар багассан дүн болжээ. Коксжих нүүрсний үнэ хямдарснаар өндөр зардалтай үйлдвэрлэгчдийг Хятадын зах зээлээс гарахад нөлөөлж байгаа аж.
Тухайлбал, АНУ-аас Хятадад энэ оны эхний хоёр сард бүтээгдэхүүн нийлүүлээгүй гэнэ. Монгол Улсаас Хятадад нэг, хоёрдугаар сард 2.22 сая тонн нүүрс борлуулсан нь 2014 оны мөн үеэс 70 орчим хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж.
Харин Австралийнх энэ хугацаанд 25.4 хувиар багасаж 3.8 сая тоннд хүрсэн байна. Тэгвэл хоёрдугаар сард урд хөрш манай улсаас тонн коксжих нүүрсийг 40.45, Австралиас 110 ам.доллараар худалдан авчээ.
Ц.БОЛОРМАА