Нийслэлийн 45 дугаар сургуулийн 11б ангийн сурагчид “Өнөөдөр” сонины редакцид өчигдөр зочлон, Монголын өдөр тутмын нэгэн хэвлэлийн газрын үйл ажиллагаатай танилцсан юм.
Тус сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд жил бүр зохион байгуулдаг “Мэргэжил бүхэн сайхан” өдөрлөгийн хүрээнд өвөө эмээ, аав ээж, ах эгч нь хүүхдүүдийг өөрсдийн ажил мэргэжлийн онцлогтой танилцуулдаг гэсэн. Үүнээс гадна хүүхдүүдийн хүсэлтийн дагуу зарим албан байгууллага, үйлдвэр өөрсдийн мэргэжил, үүргийн онцлогийг таниулан, сурталчилдаг байна.
Ирэх жил дунд сургуулиа төгсөж, ажил мэргэжлээ сонгох хариуцлагатай бас сайхан мөчтэй тулах эдгээр хүүхдийн дундаас хоёр нь сэтгүүлч болох хүсэлтэй гэсэн.
Тэдний нэг Л.Номинбуян “Нийгэмд болж буй үйл явдлыг шударгаар илчилдгээрээ сэтгүүлчийн мэргэжил гоё. Тэр дундаа сонины мэдээ, мэдээлэл телевизийнхээс илүү үнэн санагддаг” гэлээ.
Ч.Ганцэцэг багштай 11б ангийнхан энэ өдөр сонины редакцаас гадна Хүүхдийн номын ордон, “Цаст согоот” сүлжмэлийн үйлдвэртэй танилцаж, “Улаанбаатар” их сургуулийн хуулийн ангийн оюутнууд хэрхэн шүүх хурал зохион байгуулж буйг үзжээ.