Бидний хэлсэн үг биеллээ олтлоо агаарт тогтож байдаг гэвэл та итгэх үү. Тэгээд тэр үг биелэгдсэний дараа л сарнин алга болдог байна. “Үүргээ гүйцэтгэх” хүртлээ үг амьд оршин байдаг гэсэн үг. Нэгэн ээж охиндоо “Чи энэ нэг хар юмнаасаа удахгүй сална даа. Гэдсээ чирээд ирэх гэж байгаа юм” гэж үглэдэг байж.
Охин үнэхээр ээжийнхээ хэлснээр жирэмсэн болоод нөгөө залуугаасаа салаад гэртээ иржээ. Энэ явдал тохиолдлын мэт байж болох ч “Амаараа юу тарина, түүнийгээ хурааж авна” гэсэн мэргэн үг бий. Монголчууд бид ч амны билгээс ашдын билэг хэмээдэг шүү дээ. Өөр нэгэн жишээ “Бүргэдийн дэгдээхэй санамсаргүй тахианы дэгдээхийнүүдийн дунд уначихжээ.
Өөрийгөө тэдэнтэй адилхан гэж бодоод тахианы дэгдээхэй мэт аашилдаг байв. Тэдэн шиг донгодон, идэх зүйл хайн гүйдэг байлаа. Нэгэн өдөр тэнгэрт нисэж буй бүргэдийг олж харжээ. “Ямар гайхамшигтай шувуу вэ. Ямар өндөрт нисэж байна вэ” гэж уулга алдахад дэргэд байсан дэгдээхэйнүүд “Битгий хоосон мөрөөдөөд бай. Тэр чинь бүргэд” гэцгээв. Бүргэдийн дэгдээхэй маш их гуниглажээ.
Хэн нэгэн түүнд бүргэд гэж итгүүлэх хэрэгтэй байлаа. Гэвч хэн ч түүнд ингэж хэлээгүй тул амьдралынхаа төгсгөл хүртэл тахиа шиг амьдарчээ”. Үүн шиг хэн нэгний санаатай болон санамсаргүй хэлсэн үгнээс болж өөрийнхөө дотор “нуугдчихаад”, давуу талаа ч олж харахгүй байгаа хүн олон. Үг бол хоёр талдаа иртэй хурц илд юм. Эртний ийм нэгэн үг бий.
Үнэхээр үгээр хүнийг амьдруулж бас алж ч болдгийг бид хэн нэгнээр хэлүүлэхгүй мэднэ. Эргэн тойронд бүтэхгүй, болохгүй гэсэн үгс хөвөрч, нийгэм тэр чигтээ бухимдалтай байгаа энэ үед нэг ч гэсэн хүнд сайхан үг хэлж, урам зориг хайрлая. Үр хүүхдээ удирдагч, генерал, суутан, дэлхийг өөрчилсөн мундаг хүн болно хэмээн ерөөж, үгийн сайныг хэлэх нь тэдний амьдралыг гэрэлтүүлнэ гэдэгт итгэе. Сошиал ертөнцөд дөрөвдүгээр сарыг цагаан мэдээний сар болгохыг уриалсан.
Бид хүн нас барсан, осол гарсан, хүчирхийлэл үйлдсэн, салж сарнисан мэдээлэлд анхаарлаа хандуулчихаад, болж бүтэж буй бүхний хажуугаар сохор, дүлий юм шиг л өнгөрдөг болсон нь үнэн. Хар барааныг л түрүүлж харж, хараасан үгээр нэгэн рүү давшилж, сайн сайхан, гэрэл гэгээтэй зүйлийг анзаарахгүй байгаагаа анзаарах гээд үзье.
Ч.БОЛОРТУЯА