НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн балансад бүртгэлтэй нэгдүгээр амбулаторийн барилгыг акталжээ. 1954 онд ашиглалтад орсон тус барилгыг мэргэжлийн хяналтын газраас цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан аж. Зах зээлийн үнэлгээгээр 600 сая 350 мянган төгрөгийн үнэ бүхий уг барилгыг инженерийн шугам сүлжээний хамт акталж, газар дээр нь Баянгол дүүрэгт барихаар төлөвлөсөн 100 хүүхдийн эмнэлэг, ахмадын сувиллын байр босгох юм байна. Түүнчлэн уг хурлаар Сүхбаатар дүүргийн VI хороонд байрлах Засаг захиргааны зургадугаар байрны барилга, инженерийн шугам сүлжээ, эд хөрөнгийг актлах шийдвэр гаргажээ. Тэдгээрийн нийт үнэлгээ нь 3.7 тэрбум төгрөг аж.