Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Шарын гол” компани жилд 600.000 тонн нүүрс угаах хүчин чадалтай үйлдвэрийнхээ барилга угсралтын ажлыг бүрэн дуусгажээ. Одоогоор туршилт тохиргооны ажил хийж буй юм байна. Үйлдвэрийг энэ сарын эцсээр ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Хэдийгээр үйлдвэрийн үйл ажиллагааг өнгөрсөн оны есдүгээр сард багтаан эхлүүлнэ гэж тооцож байсан ч хэд хэдэн шалтгааны улмаас хойшилжээ. Тэд бүтээгдэхүүнээ охин компани “Нако түлш”-дээ нийлүүлэх гэнэ.
Мөн тус үйлдвэрт баяжуулсан нүүрсийг ОХУ-д нийлүүлэх талаар өмнө нь мэдээлж байсан. Өнөөдрийн байдлаар хойд хөрш рүү бүтээгдэхүүн экспортлох талаар ярьж буй бөгөөд хараахан тодорхой болоогүй байгаа аж. “Шарын гол” компанийнхан нүүрс угаах үйлдвэрээ барихад зарцуулахаар 10 сая ам.долларын зээлийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас авч байсан билээ.
Ц.Болор