“Шивээ-Овоо” компани олон хутгуурт экскаватор, конвейер, овоолго үүсгэгчийн хосолсон систем (тасралтгүй ажиллагаат систем) нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Уг системийн ашиглалтын зардлыг уламжлалт авто тээврийн системтэй харьцуулахад өрөмдлөг тэсэлгээ, дизель түлш, дугуй, зам арчилгааны зардлыг 100 хувь бууруулах давуу талтай гэнэ. Мөн бүрэн автомат буюу хөрс хуулах, тээвэрлэх үйлдвэрлэлийн процесс дахь хүний оролцоо хамгийн бага, техник, тоног төхөөрөмж тус бүрийн үйл ажиллагааны хяналтын системтэй юм байна. Түүнчлэн хөрс хуулах бусад технологитой харьцуулахад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хамгийн сайн хангасан аж.
Тус компанийнхан энэхүү төслөө Польш улсын Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр (жилд 1.8 хувийн хүү төлнө) төлөвлөсөн бөгөөд хөрөнгө оруулалтаа 5.9 жилд нөхөх боломжтой гэж тооцжээ. Нэг шоо метр хөрс хуулах, тээвэрлэх зардлыг гурав дахин бууруулах учраас тэр аж. Үр дүнд нь “Шивээ-Овоо” уурхайн хөрс хуулалт, тээвэрлэлт, овоолго үүсгэх хүчин чадлыг нэмэгдүүлэн, нэгж бүтээгдэхүүний өртгийг бууруулан зардал хэмнэж 2017 оноос ашигтай ажиллах боломж бүрдэх гэнэ. Уг систем нь жилд 8.4 сая тонн хөрс хуулж, тээвэрлэн овоолго үүсгэх юм байна.
Ц.Болор