Улс төрд нэг үе өөр дүр төрх бий болгож байсан Л.Гүндалай эргэн ирж буйгаа зарлалаа. Гэхдээ өөр нам байгуулна, өрсөлдөх тойргоо солино гэсэн нь тийм ч таатай дуулдсангүй. Ер нь тэр орж, гарах дуртай хүн. Ардчилсан намд хоёр удаа элсэж, хоёр дахиа гарч буй юм. 2000 оноос хойш УИХ-д тасралтгүй гурван удаа Хөвсгөл аймгаас сонгогдсон энэ эрхэмд нутгийнхан нь 2012 онд “Чи одоо болно оо” гэж хэлсэн. Саналын дүн үүнийг батална. Харин тэр өөрөө ингэж бодохгүй байна. Тиймээс шинэ нам байгуулчихаад ирэх сонгуулиар Орхон аймгаас хүч үзэхээ мэдэгдлээ.
Нэг иймэрхүү гандан бууршгүй хэсэг нөхөр улс төрд бий. Нэг аймагт очиж баахан гоё амлалт өгч сонгогдчихоод маргааш нь өнөөхөө мартаж орхино. Дөрвөн жил дуусахад ийм “хулхи” улстөрчид дахин санал өгөх тэнэг мэдээж олдохгүй. Тиймээс тойргоо солино. Нам дотроо найраатай, бас мөнгөтэй байхад нэр дэвших тойрог олох, эсвэл жагсаалтад дээгүүр бичигдэхэд асуудал биш. Гол нь сонгогдчихоод ард түмний биш, амин хувийнхаа бизнес, амьдралаа сайжруулахад анхаараад байдаг, хор найруулдаг эрхмүүдээс сонгогчид залхаж буй юм. УИХ-д сонгохгүй байх улстөрчдийн жагсаалт гаргах санаачилгыг нийтлэлч Баабар эхлүүлж, Монголын залуучуудын холбоо дэмжээд байна. Ийм “хар жагсаалт”-д оруулчихаж болох нэг эрхэм нь өнөөх Л.Гүндалай.
ШУУГИАНЫ ЭЗЭН
Сахилгагүй, хэтэрхий дэггүй, туйлбаргүй гэмээр энэ хүнийг бид 2000 оноос хойш мэднэ. АН ялагдсан 2000 онд тэр УИХ-д Хөвсгөл аймгаас бие даан нэр дэвшин сонгогдсон юм. Ганцхан суудалтай үлдсэн АН-ынхан тэр үед Л.Гүндалайг гуйж намдаа элсүүлэн суудлынхаа тоог нэгээр нэмж байв. Хэтэрхий цөөнх байсан учраас үг хэлэх боломжгүй болох үе тохиож байсан биз. Тэр хэлэх үгээ цаасан дээр бичээд УИХ-ын даргын ард барьж зогссон нь тухайн үедээ л шуугиулсан, шинэлэг арга байлаа. Одоо чуулганы танхимд, Төрийн ордонд иймэрхүү лоозон барьсан “чимээгүй жагсаал” болох юм бол хүн бүр л Л.Гүндалайг эргэн дурсдаг.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг гаднын тагнуул хэмээх сенсаацийг ч тэр л тарьсан. Ц.Нямдорж шүүхэд хандсан учраас Сөүл рүү нисэх гэж байхад нь түүнийг баривчилж баахан шуугиан тарьсныг уншигчид мартаагүй байх. Төрж өссөн Хөвсгөлдөө амарч яваад төөрч орхисон. Онцгой байдлын сайд байсан У.Хүрэлсүх өөрийн биеэр эрлийн багт орж, “андыгаа” олж ирж байлаа шүү дээ. Тэр үед Л.Гүндалайд ард түмэн хайртай байсан. Тиймээс “Зугаалж яваад төрөөс дэмий зарлага гаргууллаа, төл” гэж хэн ч шаардаагүй юмдаг. 2004 онд мань эр улирч сонгогдов. Ингээд эзэмшсэн эмч мэргэжлийнхээ шидийг гаргаж, их эвслийн Засгийн газарт Эрүүл мэндийн сайд болохыг хүслээ. АН мэдээж ийм боломж олгосонгүй. Тэгмэгц гомдчихов.
2005 онд Ард түмний нам байгуулаад өрх тусгаарлах нь тэр. Сүхбаатарын талбайд өөрийн биеэр сууж, гарын үсэг цуглуулан намдаа гишүүд элсүүлэв. Үүнийхээ хүчинд М.Энхболдын Засгийн газарт хүссэн суудлаа авсан юм. Сайд болоод ч түүний “дайн” үргэлжилсэн. БНН-ын дарга, Үйлдвэр худалдааны сайд Б.Жаргалсайханыг огцруулах асуудал оруулна, нөгөөх нь удалгүй хариу барина. Тэр өдрүүдэд Л.Гүндалай саарал дээлнээсээ салахаа больсон байлаа. Энэ нь ямар нэг шуугиан тарих “таних тэмдэг” шахуу болсон. Хүссэн юм хүзүү орооно гэдэг үг түүнд яг таарна. Сайдын суудалдаа тэр удсангүй. Төрийн мэдлийн эмнэлгүүдийн дарга нарыг өөрчилсөн тушаалыг нь эсэргүүцэгчдийн тэмцэл жилийн дараа түүнийг сайдын албан тушаалаасаа огцроход хүргэсэн билээ.
Бас энэ хугацаандаа тендер будлиантуулсан хэргээр дээлээ нөмрөх шахсан юмдаг. Ерөнхий прокурорын зүгээс түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт илгээсэн. Ингээд л Л.Гүндалай аврал эрж АН-д хоёр дахиа элссэн түүхтэй. Эрүүл мэндийн сайд болох хүслийг нь биелүүлж, гишгүүр болж өгсөн АТН-аа зүгээр л хаячихав. Түүнд итгэж гарын үсгээ зуран намд нь элссэн, дэмжсэн хүмүүс хар аминых нь дэргэд юу ч биш байлаа. Мэдээж АН түүнийг цээжээрээ хамгаалаад авч үлдсэн. 2008 онд ч дахин сонгогдсон. Гэвч олон нийт ч, хэвлэл мэдээллийнхэн ч түүний “салан задгай” шоунаас залхаж эхэлсэн байлаа.
2009 онд тэр АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй зургаан хүний тоонд багтсан юм. Бараг хэн ч түүнийг дэмжсэнгүй. АН эв нэгдлээ, гаргах амжилтыг нь бодоод Ц.Элбэгдоржийг сойж, бусад нь нэрээ татав. Тэр үед Л.Гүндалай “Нам дотор дэмжлэг чухал байдаг юм билээ” хэмээн халаглаж байлаа. Харин 2012 онд тэр тойргийн гадна үлдсэн. “АРД ТҮМНЭЭ ХАЙРЛАЯ” 2012 оны сонгуулийн дараа энэ эрхмийн нэр гайгүйхан албан тушаалд очих хүсэл сонирхолтой хүмүүсийн дунд дуулдах болов. Эцэст нь Хилийн боомтуудын нэгдсэн захиргааны даргын албанд томилогдсон ч удалгүй “хусагдчихсан”. Энэ гомдол нь л шинэ “хайр” зарлахад хүргэсэн бололтой. Шинээр байгуулах нам нь, гурав дахь “хайр” нь дээрх шиг нэртэй байх гэнэ. Өмнө нь Ард түмний нам байгуулаад хөсөр хаячихсан.
Өнөөх нам нь Дээд шүүхэд бүртгэлтэй хэвээр л яваа. Гэтэл үүнийг нь хүмүүс санахгүй гэж андуурсан уу, “ард түмнээ хайрлахаар” болж буй юм байх. Бас хөвсгөлчүүд түүнд хэлдгээ хэлчихсэн учраас тойргоо сольж, Орхон аймагт өрсөлдөх нь. Одоо Л.Гүндалайд орон зай бий юү. Тэр 12 жилийн турш тасралтгүй гурван удаа сонгогдож, хууль тогтоосон. Даацтай тийм хууль санаачилж, ийм томоохон ажил хийсэн гэхээс илүү элдэв шоу, шуугианы л эзэн болж явсан нь санагдана. Тэр нэгэнт хэн бэ гэдгээ таниулчихсан.
ДАХИН СОНГОХООРГҮЙ УЛСТӨРЧИД
Олон жил ажиллах тусмаа мэдлэг, туршлага нь хуримтлагддаг гэдэг ойлголт бий. Гэхдээ аливаа зүйл харьцангуй. БНН-ын Б.Жаргалсайхан “УИХ-д нэг хүнийг гурваас илүү сонгохыг хориглох хэрэгтэй” гэсэн санал дэвшүүлж байлаа. Тэр л хэлсэн болохоос уг нь тун зөв санал. 12 жил бол аливаа санаж сэдсэнээ хийж, хэрэгжүүлэхэд, улс орныхоо төлөө мэдлэг, чадвараа зориулахад хангалттай хугацаа. Үүнээс илүү бол хүн доль цохиод эхэлнэ. УИХ-д 5-6 удаа сонгогдчихсон, мундаг гэх улстөрчид манайд бий. Гэвч одоо тэд залуу үедээ зайгаа тавьж өгөх нь зүй. Учир нь ийм улстөрчдийн оролцоо жил ирэх бүр л муудаж байна.
Б.Жаргалсайханы хэлдгээр тэд “Шатар тоглохоос өөр юм хийхээ больсон”. Бас дээр дурдсан тойрог сольдог, хариуцлага үүрдэггүй эрхмүүд ч багтана. Үндсэн хуульд 25 нас хүрсэн, эрүүл, ял шийтгэлгүй иргэн УИХ-д нэр дэвших эрхтэй хэмээн заасан. Тиймээс хэн нэгэн ийм “хар жагсаалт” гаргаж, түүнийг нь мөрдөх боломжгүй, хууль зөрчинө. Гэвч сонгогчид дотроо хэдийнэ уг жагсаалтыг гаргачихсан болов уу. Тойргоос нь сонгогдчихоод ажил хийгээгүй, итгэл даагаагүй хүнийг тэд дахин сонгохгүй гэсэн хэсэгт оруулчихсан байгаа. Тэдний овоо хараанд хэдийнэ орчихсон улстөрчид мөнгөөр хэчнээн “зодоод” хол явахгүй л болов уу даа.
С.ТУУЛ