Найрамдал Ротаракт клубаас хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх "Милкивэй" төслийн хүрээнд “Хүүхдийг хайрлая” сэдэвтэй богино хэмжээний кино бүтээлийн уралдаан зарлажээ.
Уралдаанд кино сонирхогч хүн бүр оролцох боломжтой бөгөөд бүтээлээ ухаалаг гар утас, мэргэжлийн болон хагас мэргэжлийн камер ашиглан хийж болох юм байна. Гурван сая төгрөгийн шагналын сантай энэ уралдаанд шалгарсан бүтээлүүдийг ирэх сарын 2-нд “Тэнгис” кино театрт олон нийтийн хүртээл болгоно.
Уралдаанд оролцох бүтээлийг энэ сарын 24-нийг хүртэл nairamdalrotaract@gmail.com гэсэн хаягаар хүлээн авах гэнэ.
Өнгөрсөн онд энэ кино наадмыг зохион байгуулж байсан бөгөөд 20 гаруй бүтээл ирж байсан бол энэ жил нэлээд өргөн хүрээг хамрах шинжтэй байгаа гэнэ. Одоогийн байдлаар 40 гаруй бүтээл ирээд буй аж.
Уралдаанд ирүүлэх богино хэмжээний кино нь хүүхдийн хүчирхийлэл болон түүнээс гарах үр нөлөөний талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх, түүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход хүн бүхний оролцоо чухал гэдгийг уриалсан байх ёстой. Мөн олон нийтэд ухаарал, урам хайрласан, хүний сэтгэлийг хөдөлгөх бүтээл байх шаардлагыг зохион байгуулагчид тавьж байна.
Бүтээл доорх шаардлагыг хангасан байх шаардлагатай:
• “Хүүхдийг хайрлая” сэдвийн дор бүтээлээ хийх
• Киног ухаалаг гар утас, мэргэжлийн болон хагас мэргэжлийн камераар хийж болно
• Шинийг эрэлхийлсэн, содон хийцтэй, ямар нэгэн байдлаар бусдын бүтээлээс хуулбарлаагүй
• Бүтээлийн өмнө Милкивэй төслийн лого, бүтээлийн дугаарыг байрлуулах
• Бүтээлийн төгсгөлд “Найрамдал Ротаракт клубийн Милкивэй төсөлд зориулан бүтээв ” гэсэн өгүүлбэр оруулах
• Бүтээлдээ нэр өгөх
• Нэг хүн буюу баг нэг бүтээлээр оролцох
• 1980*1080 Full HD
• Дүрсний эвлүүлэг хийсэн байх
• Дууны чанар сайн байх
• Үргэлжлэх хугацаа нь 10 минут
Дээрх шаардлагыг хангасан бүтээлүүдийг бид МИЛКИВЭЙ төслийн албан цахим хуудаст ирэх сарын 1-ныг хүртэл байршуулах аж.