Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн баасан гаригт УИХ-д ажлаа тайлагналаа. Ерөнхийлөгч нар ажлын тайлангаа жил бүр УИХ-д бичгээр хүргүүлдэг аж. Монгол Улсын Ерөнхийлөгч хүн анх удаа өөрийн биеэр тайлангаа уншиж танилцуулсан нь олны анхаарлыг татаж байлаа. Тэрбээр тайлангийнхаа эхэнд “Нэг жилийн биш, Ерөнхийлөгчөөр ажилласан нийт хугацааныхаа тайланг тавина” гэж онцлон тэмдэглэсэн юм.
Ц.Элбэгдорж 2009 оны зургадугаар сарын 18-наас хойш Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа. Тэрбээр зургаан жилийн ажлаа иргэдийн оролцоо, орон нутгийн эрхийг нэмэгдүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах, төрийн цэргийн бодлогыг хэрэгжүүлэх, хууль, шударга ёсыг бэхжүүлэх, хуулийн засаглалтай улс болох, Монгол монголоо дэмжих, бүтээгчдээ дэмжих бодлого, хүрээлэн байгаа орчин, байгальд ээлтэй хөгжлийн чиглэл, монгол хүн, Монголын түүх, уламжлал, соёл, ёс заншил, түүнийг дэлгэрүүлэх, түгээх, дэмжих, гадаад бодлого буюу Монгол Улсын олон улсын нэр хүндийг өсгөх, бусад буюу олон нийтээс гарсан санал, санаачилгыг цаашид хэрэгжүүлж ажиллах нь гэсэн есөн чиглэлд хуваан танилцууллаа.
Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн албан өрөөг “Иргэний танхим” болгон өөрчлөхөөс ажлаа эхэлжээ. Одоогоор аймаг, сум бүр иргэний танхимтай болж, шийдвэр гаргахад оролцдог болсон. Мөн Шүүх эрх мэдлийн шинэчлэлийн хөтөлбөрийг боловсруулсан. Энэ хүрээнд шүүгчдийн хараат бус, ил тод байдал, нөлөөллийн мэдүүлэг гаргах зохицуулалтыг хийжээ. Тухайлбал, шүүгчийн хараат бус байдлыг хангахын тулд цалинг нь нэмээд байгаа билээ. Түүнчлэн жил бүр үндэсний үйлдвэрлэгчидтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсдог болсон. Монгол судлаач эрдэмтдийг дэмжих механизм бүрдүүлсэн. Мөн гадаадад Монголын нэр хүндийг өсгөх, хоёр хөрштэйгээ харилцах харилцааг шинэ шатанд гаргаж тавьсан зэргийг Ерөнхийлөгч онцлон дурдаж байлаа.
Ц.Элбэгдоржийн хүчин чармайлтаар ОХУ, БНХАУ, Монгол Улсын Төрийн тэргүүнүүд түүхэндээ анх удаа гурван талт уулзалт хийсэн. Түүнчлэн дээрх гурван улсын гадаад хэргийн сайд нарын уулзалт тогтмолжиж байгаа. Мөн Ази, Номхон далайн улсуудын Төрийн тэргүүнүүдийн уулзалтыг 2016 онд Монголд зохион байгуулахаар болсон билээ. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа дотоод, гадаадын 1200 арга хэмжээнд оролцжээ. Засгийн газарт чиглэл өгсөн 31, олон нийтийг уриалсан 10 зарлиг гаргаж, 40 хууль санаачилжээ. Эдгээрийн есийг нь УИХ батлалгүй буцаасан байна. Мөн УИХ-аас гаргасан шийдвэрт таван удаа хориг тавьжээ. УИХ-аас дэмжээгүй ес дээр нэмж 30-аад хууль УИХ-д өргөн барихаар зэхэж байгаа гэнэ. Тухайлбал, Улс төрийн намуудын тухай хуулийг Ерөнхийлөгч өргөн барихаар боловсруулж байгаа гэнэ.
Ерөнхийлөгчийн тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, О.Содбилэг, Ө.Энхтүвшин, З.Баянсэлэнгэ, Л.Эрдэнэчимэг, Сү.Батболд, А.Бакей, С.Одонтуяа, Д.Арвин, Х.Болорчулуун, Л.Болд, С.Дэмбэрэл, Г.Уянга, Д.Сарангэрэл, С.Бямбацогт, Ц.Даваасүрэн нар асуулт тавьж, хариулт авсан. УИХ-ын гишүүд Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад яагаад УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзэж байгаа болон Үндсэн хууль, Улс төрийн намуудын тухай хуулийг хэрхэн өөрчлөх талаар Ерөнхийлөгчийн байр суурийг сонссон.
Асуулт, хариултыг тоймлон хүргэе.
Д.Дэмбэрэл: -Улс төрийн намуудын тухай хуулийг өөрчлөх болон Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар ямар байр суурьтай байна вэ?
Ц.Элбэгдорж: -Өнгөрсөн 25 жилд туулсан зам, сургамждаа үндэслээд Улс төрийн намын тухай хууль, санхүүжилтийнх нь асуудлыг зохицуулах шаардлага үүссэн. Ер нь цаашдаа улс төрийн сан байгуулах чиглэл рүү орох хэрэгтэй болж байна. Одоо шилжилт хүлээж суух хэрэггүй. Ардчилсан улс оронд улс төрийн намууд ямар байдалтай байх вэ, Монголд ямар онцлогтой байх юм бэ гэдэг асуудлыг шийдэх хэрэгтэй. Энэ талаар намуудад тодорхой санал санаачилга байвал манай Тамгын газарт нэгтгэж ярилцъя гэж бодож байна. Мэдээж хуулийн төслөө өргөн барихын өмнө сонирхсон нам, хүмүүст танилцуулах боломж гаргана. Гэхдээ сонгуулиас, УИХ, Засгийн газрын бүрэн эрх эхлэхээс өмнө энэ асуудлыг нэг тийш болгох нь зүйтэй. Тавантолгойтой холбогдсон асуултад хариулахад,
нэгдүгээрт, өнөөгийн нөхцөлд Монгол Улсын үндэсний эрх ашиг гэдэг бол хөгжил юм. Хөгжилд хувь нэмэр болох энэ үйл ажиллагааг дэмжиж, үндэсний эрх ашгаа дээдэлж байгаагийн илэрхийлэл.
Хоёрдугаарт, цагийн юмыг цагт нь хийхгүй бол хоцорно, цаашаа улам их илүү зардал гардаг. Бидэнд том өрсөлдөгч бий.
Гуравдугаарт, УИХ хэлэлцэж чадна, чадахгүй гэсэн асуудал огт байхгүй. УИХ-д ч, Засгийн газарт ч, аж ахуйн нэгжүүдэд ч хийх ажил бий. Миний өмнөх байр суурь хэвээрээ байгаа. Тавантолгойд аж ахуйн нэгжийнхээ түвшинд гэрээ, хэлэлцээр хийгээд явчих боломжтой. Хөрөнгө оруулалтын хуулийн дагуу хэдэн төрлийн татвараа яаж тогтворжуулах юм бэ гэдгээ Засгийн газар шийдэхэд л энэ асуудал бүрэн цэгцрэх боломжтой шүү дээ. Бид ийм гэрээ хэлэлцээрийг зохицуулах хууль батлааг үй юм шиг, ийм бүтэц механизм байхгүй юм шиг загнах хэрэггүй. Ер нь хэрүүл, талцал, сүйтгэл рүү явж ормооргүй байгаа юм. Монголчуудын хоорондоо талцаж, хэрэлдэж буй байдал Монголыг мохоох сонирхолтой хэсэг бүлгийн “хүчилтөрөгч” нь юм шүү дээ. Бид ойлголцож, нийлж, нэгдэж, хамтарч ажиллах хэрэгтэй.
Та бүхэнд нэг жишээ хэлье. Төмөр замаар жилд 39 сая тонн нүүрс тээвэрлэнэ гэж бодоход өдөрт 1400 вагонд ачна. Өдөрт 1400 тэвш нүүрс явж байж 39 саяд арай гэж хүрч байгаа юм. Та нар 1400 тэвш зурах гээд оролд. Залхуу чинь хүрнэ. Энэ бол зураг эвлүүлэхээс шал өөр асуудал. Тийм учраас энд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийх нь үнэхээр чухал. Тэгэхээр түвшин түвшиндээ, хуулийнхаа хүрээнд л асуудлаа шийдсэн нь зөв болов уу гэж бодож байна.
О.Содбилэг: -Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
Ц.Элбэгдорж: -Үндсэн хуулийг өөрчл щөх ажлын хэсэг гарсан гэж сонссон. Ажлын хэсэг үйл ажиллагаагаа нээлттэй явуулах хэрэгтэй. Юу хийгээд байгааг нь би ч мэдэхгүй явна. Юутай ч дордуулсан долоон заалтыг хэрхэхээ эхлээд шийдэх хэрэгтэй гэж бодож байна.
А.Бакей: -Ерөнхийлөгчөөс УИХ, Засгийн газар, Шүүхтэй буюу төрийн байгууллага хоорондын харилцаанд өнгөрсөн хугацаанд засаж сайжруулах зүйл юу байна гэж үзэж байна вэ. Энэ чуулганы хугацаанд багтаж олон асуудал хэлэлцэхээр төлөвлөж байгаа. Нэг нь Улс төрийн намын тухай хууль, санхүүжилттэй холбоотой асуудал. Энэ хуулийн төслийг Ерөнхийлөгч санаачилж оруулж ирэх гэж буйд нь сайшаалтай байна. Иймд энэ хуулийн төслийг аль болох эрт оруулж ирэхийг хүсье.
Ц.Элбэгдорж: -Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ хоорондын харилцаанд хүндрэлтэй, болохгүй зүйл байхгүй. Өнөөдрийн байгаа хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа уялдуулж явуулах боломжтой. Зарим нэг тулгамдаж байгаа асуудлыг шийдье гэвэл Үндсэн хуулиас гадна үүнийг дэлгэрүүлсэн тулгуур гол хуулиудаар энэ асуудлыг яриад явах боломжтой. Улс төрийн намын санхүүжилт, намтай холбогдсон асуудлыг хууль болгоод УИХ хэлэлцээд явбал, шаардлагатай бол саналаа өгөөд явъя гэж бодож байсан. Гэтэл бичээд гаргасан хуулийн төсөл байхгүй, цаг алдаж байна. Энэ асуудлыг шийдэх шаардлага нэгэнт тулгарсан. Сонгуулиас өмнө шийдсэн шиг шийдэх хэрэгтэй. Одоогоор хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах шатанд явна. Цаашид хуулийн төслийг боловсруулах, батлах, мөн хэрэгжүүлэхэд хамтарч ажиллая гэсэн бодолтой байгаа.
Т.ЭНХБАТ