БНСУ-ын Чанвон хотноо өчигдөр эхэлсэн буудлагын "Дэлхийн цом"-ын тэмцээнд манай улсаас олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа, ОУХМ Э.Даваахүү, ОУХМ Ц.Мөнхзул, ОУХМ О.Янжинлхам нарын 11 тамирчин өрсөлдөж байна.
Тус тэмцээнд 68 орны 571 буудагчид Рио-Де Жанейро 2016 олимпийн эрхийн төлөө 10 дасгалд цэц мэргээ сорьж буй юм. 10 метрийн хийн урт бууны эрэгтэйчүүдийн дасгалд нийт 98 тамирчин өрсөлдсөнөөс Унгарын буудагч, дэлхийн аварга Петр Сиди тэргүүлж, Хятадын буудагч, дэлхийн аваргын мөнгөн медальт Ян Хаоран, олимп, дэлхийн аварга Чү Кюүнан нар удаалсан байна. Харин манай улсаас оролцож буй ОУХМ Б.Бишрэл 54 дүгээрт, ОУХМ Х.Бямбабаатар 60 дугаарт, ОУХМ Н.Баяраа 75 дугаар байрт тус тус шалгарчээ.
Дашрамд дурдахад дэлхийн цомын тэмцээнээр олимпийн 24 эрх өгөх бөгөөд эхний 3 хүн өмнө нь эрх авсан бол дараагийн 4-6 дугаар байранд орсон тамирчдад шилжүүлэх юм байна.