Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Канайым Бактыгуловаг хүлээн авч уулзлаа. Канайым Бактыгулова хоёр орны хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний худалдааг нэмэх хүсэлтээ илэрхийлээд Киргизийн газар нутагт чихрийн манжин тарих, хамтарсан үйлдвэр байгуулахыг яаралтай ажил хэрэг болгох хүсэлтээ илэрхийлэв. Р.Бурмаа сайд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар ирэх есдүгээр сард Улаанбаатарт зохион байгуулах бэлчээрийн мал аж ахуйтай орнуудын Хөдөө аж ахуйн сайд нарын анхдугаар чуулга уулзалтад Киргиз Улсын Хөдөө аж ахуйн сайдыг урьж буйг уламжлахыг хүслээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2012 онд тус улсад хийсэн айлчлалын үеэр хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулсан бөгөөд цаашид хоёр тал санамж бичигт тусгасны дагуу мал эмнэлэг, мал аж ахуй, бэлчээрийн менежмент, хууль, үр үржүүлэг, жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, усалгаатай тариалан, мэргэжлийн болон эрдэм шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжих зэрэгт анхаарал хандуулан хамтран ажиллах болов. Мөн хоёр орны хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчдийн дунд зөвлөлдөх уулзалт зохион байгуулж хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд онцгой ач холбогдол өгөхөөр болов.