Албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн, татвар төлөгчдийн мөнгийг завшдаг албан тушаалтнуудыг АТГ-ынхан байгуулагдсан цагаасаа шалгасаар ирсэн. Төрийн тэргүүнээр ажиллаж байсан нэгнээс эхлээд аймгийн Засаг дарга нар,төрийн жирийн албан хаагч хэн ч байсан хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй гэсэн зарчим дагуу тэднийг шалгаж, гэм буруутай үйлдэл байвал түүнийг нь тогтоон шүүхээр шийдвэрлүүлсээр байгаа.
Гэвч тэдний сүр дуулиантайгаар шалгаж эхэлсэн хэрэг сураг алдрах тохиолдол бас бий. Түүний нэг нь Батлан хамгаалах яамны эрх бүхий албан тушаалтан, хурандаа нар холбогдсон хэрэг. Тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан, хурандаа Х.Батсайхан, Санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад Хяналт, шинжилгээ, дотоод аудитын газрын дарга болсон Д.Жаргалсайхан, УИХ-ын гишүүн асан Б.Батбаярын хүү, МоХөТэ компанийн захирал, Б.Баттулга тэргүүтэй хүнийг 2014 оны нэгдүгээр сарын 15-ны лхагва гаригт саатуулан, заримыг нь 72 цаг суулгаад гаргасан юм.
Тухайн үед эх сурвалжууд “Монгол цэргийн музейн хашаанд Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд барьсан ч одоо болтол ашиглалтад оруулж чадаагүй 300 айлын орон сууцны хөрөнгө мөнгийг шамшигдуулсан хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн” хэмээн мэдээлж байсан юм. Гэтэл энэ хэргийг “маш нууц” гэсэн тамга тэмдэгтэй шалгаж эхэлсэн нь БХЯ, ЗХЖШ-ын алба хаагчдын гайхашрал, хардлагыг төрүүлж байгаа гэнэ. Дээрх нэр бүхий хурандаа нар болон компанийн захирлыг хэрэгт орооцолдуулчихаад байгаа 300 айлын орон сууц уг нь 3-4 жилийн өмнө ашиглалтад орох ёстой байсан.

Гэвч БХЯ-ныхан хөрөнгөөс нь “идэж, уусан” дуулиан дэгдсэний дараа өөр компаниар барилгын ажлыг гүйцэтгүүлж, дуусгахаар болсон ч бас л бахь байдгаараа. БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар уг барилгыг 2014 ондоо багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна хэмээн хэвлэлд ярьсан ч 2015 он гарчихаад байхад орон сууцаа хүлээсэн хүмүүс “нүдээ ширгэтэл” харсаар байна. Учир мэдэх хүмүүсээс Зэвсэгт хүчний 300 алба хаагч хэзээ байрандаа орох, яагаад хойшлоод байгаа учрыг лавласан юм. БХЯ, ЗХЖШ-ын нэрээ хэлэхийг хүсээгүй олон эх сурвалж “Эрх бүхий албан тушаалтнууд хөрөнгийг нь шамшигдуулсан дуулиан дэгдсэнийг тухайн үед нь хэвлэлээр мэдээлж байсан.
Хэдэн хурандаа нар уг барилгын мөнгийг гаргаж авчихаад хувьдаа, төмөр шүүгээндээ хадгалж байсан гэдэг юм билээ. Хурандаа Х.Батсайханы өрөөн дэх төмөр шүүгээнээс л гэхэд маш их хэмжээний төгрөг, валют хурааж авсан гэж байсан. Энэ мэтээр мөнгийг нь шамшигдуулснаас хугацаандаа ашиглалтад орж чадаагүйгээр барахгүй, хувийн хэвшлийнхэн өрсөж цэвэр, бохир усны хоолой, халаалт дулааныг нь шийдвэрлэх газарт зочид буудал босгочихоод байгаа. Уг нь Цэргийн музейн магистрал шугамтай 300 айлын орон сууцны цэвэр бохир усны шугам, хоолойг холбохоор төлөвлөж байсан юм.
Одоо тэнд холбоё гэхээр магистрал нь ачааллаа даахгүй гэсэн. Тиймээс уг байранд орох айл тус бүрээс таван сая төгрөг хураан авч уурын зуух барин, дулааныг нь шийдвэрлэсэн ч цэвэр бохир усаа Жуковын хөшөөний урд талаас хоолой тавьж авахаас өөр арга байхгүй болсон гэсэн. Тиймээс энэ ондоо барилга ашиглалтад орох эсэх нь эргэлзээтэй” гэж яриад барилгын хөрөнгө завшсан хэргийг маш нууцад хамааруулсанд гайхаж байгаагаа илэрхийлсэн.
АТГ-ын албаны хүн “Эрүүгийн хэрэг үүсгэн шалгахдаа л анхнаасаа маш нууцад хамааруулсан. Тиймээс бид уг хэргийн талаар ямар ч мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд “Олон улсын гэрээний дагуу улсын төсвийн хөрөнгө, гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаад улсын бусад байгууллагаас олгосон буцалтгүй тусламж, хандиваас бүрдүүлэх сантай байхаар тусгасан бөгөөд үүний дагуу “Зэвсэгт хүчний хөгжлийн сан”-г байгуулсан.
Хэдэн бор цэргээ гадаадад энхийг сахиулах ажиллагаанд оролцуулсан, зэвсэг техникээ ашиглуулсны төлбөрт НҮБ, НАТО зэрэг байгууллагаас орж ирдэг мөнгийг энэ санд төвлөрүүлж, 70 хувийг нь энхийг сахиулагчид, үлдсэн хувийг нь Засгийн газрын нэрээр БХЯ авдаг. Уг мөнгөнөөс БХЯ-ны албан тушаалтнууд шамшигдуулсан байж болзошгүй учраас маш нууцад хамааруулан шалгах үндэслэл ч болсон байж болзошгүй гэнэ.
Д.ДАЙЧИН