Малайзад монгол эмэгтэй нас барсан харамсалтай хэрэг энэ сарын 12 буюу өнгөрсөн ням гаригт гарчээ. Талийгаач Д.Отгонтуяа нь Малайзын Олон улсын (исламын) их сургуулийн дотуур байрны цонхоор унаж нас барсан байсныг олсон аж.
Энэ талаар ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ж.Батхишигээс тодруулахад “Бангкок дахь ЭСЯ болон тус улсад суугаа Өргөмжит консулаас манай улсын нэг иргэн нас барсан талаар мэдээлэл ирсэн. Талийгаач нь 29 настай оюутан. Тэрбээр өрөөндөө гурван монгол эмэгтэй оюутантай хамт амьдардаг байсан гэх мэдээлэл бий.
Хэрэг гарахын өмнө тэд хоорондоо маргалдсан байж болзошгүй гэж мөрдөн байцаагч үзэж буй учраас хамт байсан гурван монгол оюутныг саатуулахаар болсон гэсэн. Тэдэнд англи хэлний орчуулагч шаардлагатай байна гэсэн тул Бангкок дахь ЭСЯ-наас орчуулга хийх хүнийг олж өгөхөөр болсон” гэв.
Талийгаачийн ар гэрийнхэнд энэ тухай дуулгасан бөгөөд ГХЯ-ны Консулын газраас шаардлагатай бүхнийг хийж байгаа аж.
Ч.ТУЯА