УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг өчигдөр ээлжит хуралдаанаараа Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцээд чамбай болгох шаардлагатай гэж үзжээ. Энэхүү төсөлтэй холбоотойгоор өмнө нь Казиногийн хууль батлахад оролцож байсан, УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдоржоос мэдээлэл сонссон байна. Хуралдааны талаар мэдээлэл хийсэн Бүлгийн дарга Н.Батцэрэг “Казиногийн хуулийг зөвхөн эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд батлах шаардлагагүй” гэсэн юм.
Тиймээс УИХ дахь бусад намын бүлгийн удирдлагуудтай ярилцах хэрэгтэй гэв. Мөн Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн хүрээнд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийн 50, нөөц ашигласны төлбөрийн 33 хувийг орон нутгийн санд төвлөрүүлэхээр тусгасныг дэмжихгүй гэлээ. Томоохон орд газруудтай холбоотой асуудлуудыг нэг мөр болгоогүй, энэ төрлийн харилцааг нэгдсэн бодлогод зангидаагүй байхад хуулийг ингэж өөрчилбөл аймаг, сумын удирдлагууд орлогын хойноос хөөцөлдөж, сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй хэмээн болгоомжилж буй аж.
Түүнчлэн эрчим хүчний салбарт хамаарах зээлийг улсын өрөнд хамруулахгүй байхаар оруулж ирснийг ч эсэргүүцлээ. Мөн шимтгэл төлж чадаагүй малчдыг нийгмийн даатгалд бүрэн хамруулж тэтгэвэр тогтоолгох боломж бүрдүүлэхээр тусгасан хуулийн төслийг дэмжсэн байна. Гэхдээ энэ хүрээнд малчдын бүртгэлийг үнэн зөв гаргах ёстой гэж үзэж буй. Үүнээс гадна өнгөрөгч долоо хоногт Ерөнхийлөгч УИХ-д ажлаа тайлагнасантай холбоотойгоор тус Бүлгийн дарга “Тайланд сайн болон саар зүйлийн аль аль нь байна.
Төрийн тэргүүний эдийн засаг, нийгмийн чиглэлээр санаачлан хэрэгжүүлж буй арга хэмжээ нь Засгийн газарт бодлогын дарамт болж байна” гэсэн юм. Мөн Сонгуулийн нэгдсэн болон Улс төрийн намын тухай хуулийн төслийг энэ сарын сүүлч гэхэд хэлэлцэж эхлэх санал гаргаж буй аж. МАХН-ын дарга Н.Энхбаярыг 2012 оны дөрөвдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө баривчилж байсантай холбоотойгоор өчигдөр тус намаас “Хэлмэгдүүлэлт ганц өдрөөр дуусаагүй” хэлэлцүүлэг өрнүүлж буйгаа энэ үеэр УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ дуулгасан юм.
Б.НОМИН