Орос, Монголын эрдэмтэн судлаачид хил дамнан тархсан ирвэсийг хамгаалах, судлах зорилгоор өнгөрсөн оны аравдугаар сарын 30-нд Увс аймгийн Цагааншувуут уулнаас гурван настай цоохор ирвэс барьж, сансрын дохио дамжуулагчтай хүзүүвч зүүлгэсэн аж.
Үүнээс хойш дөрвөн сар гаруйн хугацаанд уг ирвэснээс шилжилт хөдөлгөөний мэдээлэл ирсэн боловч өнгөрсөн сараас эхлэн дохио тасарчээ. Ирвэсний хүзүүвч тасарсан байж болзошгүй гэж үзээд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд, байгаль хамгаалагчидтай хамтран Цагааншувуут ууланд саяхан газрын антенн ашиглан, ирвэсний хүзүүвчийг хайсан ч олоогүй аж.
Тиймээс судлаачид дохио дамжуулагчийн зай суусан эсвэл ирвэс агуй дотор өвчний улмаас үхсэн хэмээх таамаг дэвшүүлсэн гэнэ. Ирвэсэнд зүүлгэсэн хүзүүвчний зай ирэх аравдугаар сард дуусах ёстой байжээ. Судлаачид хүзүүвч зүүхдээ ирвэснээс шинжилгээ авахад муурын овгийн амьтад өвчилдөг токсоплазм хэмээх өвчин илэрсэн юм байна.
Т.ДЭН