Засгийн газрын “Цэвэр агаар” сангийн хөрөнгийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж шамшигдуулсан тус сангийн захирал Н.Хүрэлсүх, ерөнхий нягтлан бодогч М.Хулан тэргүүтэй хүмүүс шүүхээс ногдуулсан ял шийтгэлээ эдэлж байгаа.
Хэдийгээр тэдэнд ял шийтгэл ногдуулсан ч шалгуулалгүй үлдсэн нэг үйлдлийг нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр Дүүргийн I прокурорын газарт өнгөрсөн хоёрдугаар сард шилжүүлсэн байсан юм. Уг нь прокурор хавтаст хэрэгтэй танилцаад хэргийн бүрдэл хангагдсан гэж үзвэл 30 хоногийн дотор шүүхэд шилжүүлэх хуультай.
Гэтэл Дүүргийн I прокурорын газрын эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан, Н.Хүрэлсүхтэй нэг жалга довны, нэг төгсөлтийнх нь анд хэргийг хав дарсан байжээ. Энэ талаар прокурорын байгууллагын эх сурвалж “Цэвэр агаар” сангийн гэгдэх Н.Хүрэлсүх нарт холбогдох нэгэн компанийн данс руу 30 гаруй сая төгрөг, “ТАРА” компанийн дансанд 170 сая төгрөг нэмж шилжүүлээд, улмаар М.Хулан нь утсаар ярьж өөрөө очиж авсан гэх үйлдлийг Дүүргийн I прокурорын газраас хэрэгсэхгүй болгосон байсныг үндэслэлгүй гэж үзээд УЕПГ-аас сэргээн шүүхэд шилжүүлсэн” гэв.