Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэгийн тэргүүн, төрийн шагналт, зохиолч З.Дорж болон хурдан хүлгээ малын хулгайчид алдсан иргэн Ц.Хишигсүрэн нар мэдээлэл хийлээ. Тус нийгэмлэгт малаа хулгайчид алдсан олон иргэн хандаж, гомдол гаргадаг бөгөөд тэдэнд хууль эрх зүйн хүрээнд туслах арга замыг эрэлхийлж ийнхүү сэтгүүлчдэд хандсан аж.
Сонгинохайрхан дүүргийн иргэн Ц.Хишигсүрэнгийн адуун сүргээс 2013 оны гуравдугаар сарын 15-16-нд шилжих шөнө малын хулгайч нар хурдан хонгор халзан морийг нь авч, нутаг дамжуулан зарсан аж. Хохирогч нар адуугаа хайж Төв аймгийн сумд, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ гээд олон аймаг, сумаар явж хайсан боловч сураг нь үл гарчээ.
Гэтэл нэг өдөр Завхан аймгийн Цагаанхайрхан суманд алдсан хонгор халзан морьтой нь адил тамгатай морь айлын адуунд байна гэсэн мэдээлэл ирснийг очиж нягтлахад алдсан хүлэг нь байсан гэнэ. Учир явдлаа хэлэхэд Завхан аймгийн иргэн С.Ганзориг явуулын хүнээс адууг 4.5 сая төгрөгөөр худалдан авсан. Хулгайлсан гэж мэдээгүй. Морио авах бол авсан үнээрээ өгнө” хэмээжээ.
Харин иргэн Ц.Хишигсүрэн адууныхаа тамга зэрэг нотлох баримтыг гарган хууль хяналтын байгууллагад хандсанаар морио олж авсан ч нөгөө иргэн С.Ганзориг хохирлоо барагдуулахын тулд шүүхэд хандаад байгаа гэнэ.
Т.ДЭЛГЭРБУЯН