Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо өнгөрөгч амралтын өдрүүдэд “Арвагар хээр” холбооноос сумын алдарт уяачдын зөвлөгөөнийг зохион байгууллаа. Тус аймагт одоогоор 698 сумын алдарт уяач байдгаас анхдугаар зөвлөгөөнд 470 нь оролцжээ. Хархорин, Уянга, Хайрхандулаан, Өлзийт, Хужирт, Богд, Сант, Есөнзүйл зэрэг 19 сумын алдарт уяач нар хүрэлцэн ирлээ. Энэхүү зөвлөгөөнийг Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уугуул, “Арвагар хээр” холбооны тэргүүлэгч Сүхбаатарын Дэмчиг санаачлан, зохион байгуулагчаар “Арвагар хээр” холбоо ажиллалаа.
Сумын алдарт уяачдын зөвлөгөөний эхний өдөр Монгол түмний “Морины их шүтээн” цогцолборт мөргөж, дурсгалын зураг татуулж, хурдан морины дуудлага худалдаа болсон юм. Харин хоёр дахь өдөр буюу ням гаригт зөвлөгөөн аймгийн Хөгжимт драмын театрт үргэлжиллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Монгол улсын тод манлай уяач Г.Батхүү, Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, “Арвагар хээр” холбооны ерөнхийлөгч Л.Бат-Орших, тэргүүлэгч С.Дэмчиг нар үг хэлж, уяачдынхаа саналыг сонслоо.
Тус зөвлөгөөнөөр үндэсний баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол адуу болон эрлийз адууг хольж уралдуулах нь зөв үү, үндэсний их соёлоо хайрлан хамгаалах нь Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа зэрэг сэдвээр уяачдын санал бодлыг сонссон юм.
“Арвагар хээр” холбооны тэргүүлэгч гишүүн Сүхбаатарын Дэмчиг “Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 2003 онд батлагдсан Үндэсний их баяр наадмын тухай хуулиар Аймаг, сумын "алдарт уяач" цол авах болзол шалгуур нь "Улсын алдарт уяач" цол авах болзол шалгуураас өндөр байна. Улсын баяр наадам болон Засгийн газрын шийдвэрээр зохиогдож байгаа шигшмэл, бүсийн уралдаанд хурдан морио уралдуулж түрүү, айраг авсан уяачдад "Улсын алдарт уяач", "Улсын тод манлай уяач", "Улсын манлай уяач" гэсэн цол олгож байгаа хэрнээ аймаг, сумын баяр наадамд хурдан морио уралдуулж түрүү, айраг авсан уяачдад "Алдарт уяач" цолноос өөр цол хуульд байхгүй байна. Монгол ахуй, нүүдэлчдийн соёл, өв уламжлалыг өдийг хүртэл адуугаар дамжуулан тээж буй уяачдын хөдөлмөрийг ялгавартай үнэлж байгаа төдийгүй тэднийг урамшуулах төрийн бодлого хангалтгүй байна гэж би үзэж байна. Энд би зөвхөн цол, чимэгний тухай асуудал ярих гэсэнгүй. Би Монгол Монголоороо үлдэх, эцэг, өвгөдийн бидэнд үлдээсэн Монгол ахуй, өв, соёл, уламжлалыг хадгалж, хамгаалах, түгээн дэлгэрүүлэхийн төлөөх морьтон ардыг урмаар тэтгэх асуудлыг хөндөж байна.” гэсэн юм.