Хууль зүйн дэд сайд Ц. Уугангэрэл тэргүүтэй төлөөлөгчид Катарын Доха хотноо энэ сарын 12-19-нд болж буй Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрүүгийн шүүхийн асуудлаарх НҮБ-ын XIII дугаар их хуралд оролцож байна.Энэ их хуралд 70 гаруй орны төрийн сайд, дэд сайд нар оролцож, Олон улсын болон үндэсний хэмжээнд хууль дээдлэх ёсыг бий болгох, тогтвортой хөгжлийг дэмжихэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрүүгийн шинэчлэлийн иж бүрэн бодлого стратегийг хэрэгжүүлэх, Олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэр дундаа бүс нутгийн хэмжээнд энэ төрлийн гэмт хэргийн эсрэг авах хариу арга хэмжээг өргөжүүлэн түүнээс урьдчилан сэргийлэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг асуудлаар хэлэлцэж буй юм. Хуралд эх орноо төлөөлөн оролцож байгаа Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл хэлэн үгэндээ Монгол Улсад явуулж буй эрүүгийн болон цагдаагийн байгууллагын шинэчлэлийн талаар танилцуулахын зэрэгцээ эх орондоо тулгараад байгаа шинэ төрлийн гэмт хэрэг болох хүн худалдаалах, хар тамхи, соёлын өвийг хилээр зөөвөрлөх гэмт хэрэгтэй тэмцэхэд Олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, энэ чиглэлийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх нэн шаардлагатай байгааг онцолсон байна.