Баруун таван аймгийн хил хамгаалалт өөрийн гэсэн онцлогтой. Учир нь энэ хэсгээр хилийн зөрчил илүү их гарах магадлалтай төдийгүй газар орны онцлог нь зөрчил гарахад ихээр нөлөөлдөг аж. Тиймээс ХХЕГ-аас бүсчилсэн хил хамгаалалтыг албандаа нэвтрүүлж, туршиж байгаа. Энэ хүрээнд Хууль зүйн яам, Хил хамгаалах байгууллага хамтран уулсын бүсийн хил хамгаалалтад туслах хүчний бүсийн нэгдсэн зөвлөгөөнийг анх удаагаа зохион байгуулав.Баян-Өлгий аймагт энэ сарын 13-нд зохион байгуулагдсан уг зөвлөгөөнд ХЗЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Э.Зоригт, ХХЕГ-ын ын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав тэргүүтэй албаны төлөөлөл,Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай, Ховд аймгийн орон нутгийн удирдлага, хууль хяналтын байгууллагынхан, хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн 300 орчим гишүүн оролцсон юм. Энэ нэгдсэн зөвлөгөөн нь Монгол Улсын Хилийн тухай хуулийн 39 дүгээр зүйл, Ерөнхийлөгчийн 149 дүгээр зарлигаар батлагдсан “Иргэдийг улсын хил хамгаалалтад оролцуулах тухай” журмын хэрэгжилтийг хангуулах, хил хамгаалалтад иргэн, байгууллагын оролцоог нэмэгдүүлэхэд зорилго нь оршиж байгаа гэдгийг зохион байгуулагчид хэлж байсан. Зөвлөгөөнд оролцогчид улсын хил хамгаалахад хилийн аймаг, сум, багийн иргэд, байгууллагуудын үүрэг оролцоог хэрхэн нэмэгдүүлэх талаар харилцан ярилцаж зөвлөмж гарган хэрэгжүүлэхээр болжээ. Энэ үеэр Хууль зүйн сайдын албан даалгаврыг хилийн бүсийн ард иргэд, хилийн цэргийн анги нэгтгэл, бусад албан байгууллагад гардуулсан байна.