Өнгөрсөн амралтын өдөр гурван аймгийн нутагт түймэр гарсан байна. Тодруулбал, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Зулзага багийн Санжинт гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 70 км-т/ хээрийн түймэр гарсан. Онцгой байдлын газрын албан хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран нийт 85 хүн ажиллаж түймрийг цурамд оруулж, бүрэн унтраасан аж. Мөн Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Даагат багийн Ар хуурай, Түшиг сумын Жаргалмандах багийн Ноёны-Ам хэмээх газар хээрийн түймэр гарсныг онцгой байдлынхан шуурхай ажиллан “даржээ”. Түүнчлэн Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн Олон толгой гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 70 км-т/ хээрийн түймэр гарсныг Хилийн цэргийн 0198 дугаар ангийн албан хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран унтраасан гэнэ.