Ховд аймгийн Булган сумын Баянгол, Бүрэнхайрхан, Далт, Баянсудал багийн нутагт нутаглаж байгаа 67 айлын 756, Үенч сумын Жаргалант, Улиаст багийн найман айлын 166, нийт 922 малд шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн юм. Иймээс дээрх сумдын нутагт хорио цээрийн дэглэм тогтоосон. Тэгвэл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтийг үндэслэн аймгийн Засаг дарга хорио цээрийн дэглэмийг бууруулж хязгаарлалтын дэглэмд шилжүүлжээ. Учир нь Булган, Үенч, Алтай сумын 312.665 малыг I ээлжийн урьдчилан сэргийлэх тарилгад 100 хувь хамруулсан байна. Мөн II ээлжийн урьдчилан сэргийлэх тарилгад 386.769 малыг хамруулахаас өчигдрийн байдлаар Булган сумын 104.960, Үенч сумын 69.701, Алтай сумын 34.977, нийт 209.638 мал буюу 54.2 хувийг нь тарьжээ.