Ерөнхий боловсролын 30 орчим сургууль, 46 цэцэрлэг, 0-18 насны 51 мянган иргэнтэй Чингэлтэй дүүрэг хүүхдийн эмнэлэггүй бөгөөд 40 ортой хоёр тасаг л байдаг аж. БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн 500 мянган долларын буцалтгүй тусламжаар Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд барьж буй Хүүхдийн амбулаторийн хоёр давхар барилгын шав тавих ёслол өчигдөр боллоо.
Уг амбулатори ашиглалтад орсноор 80 гаруй ажлын байр бий болж, өдөрт 350 орчим хүүхдэд үзлэг, шинжилгээ хийх юм байна. Барилгыг “Бадрах инженеринг” компани барьж, ирэх есдүгээр сард ашиглалтад оруулах аж. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд “Манай дүүрэгт нэн шаардлагатай байсан Хүүхдийн амбулатори баригдаж байгаад иргэдийн өмнөөс маш их баяртай байна.
Дүүргийн ЗДТГ-аас уг амбулаторийг өргөтгөн хүүхдийн Нэгдсэн эмнэлэг болгохоор зорино. Энэ оны орон нутгийн төсөвт хүүхдийн 100 ортой эмнэлэг барих хөрөнгө төвлөрүүлсэн. Удахгүй ажил хэрэг болно” гэлээ. Тус дүүргийн 15 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга У.Алтантуул “Манай дүүргийн хүүхэд бүр эмнэлгийн нарийн шинжилгээ, эмчилгээнд хамрагдаж чаддаггүй. Шаардлагатай тохиолдолд бид хүүхдүүдээ ЭХЭМҮТ рүү явуулдаг. Манай дүүрэгт хүүхдийн амбулатори барьж байгаад эцэг эхчүүд, хүүхэд багачууд, эмч ажилчид баярлаж байна” гэлээ.
Сонирхуулахад, Энхтайван хөгжлийн сан өмнө нь Монголд харааны бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй мэс засал хийж байсан аж. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Г.Ганбаяр хүүхдийн эмнэлэг байгуулахад дэмжлэг үзүүлээч гэсэн саналыг тус санд өнгөрсөн онд тавьсан юм байна.
Т.БОЛОР-ЭРДЭНЭ