Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчээр нэр дэвшигчдийн талаарх Шүүхийн ерөнхий зөвлөлийн танилцуулгыг сонслоо. Дээд шүүхийн шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зохион байгуулж, Г.Алтанчимэг, П.Золзаяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Хосбаяр нарыг томилуулах саналаа УИХ-д танилцуулсан юм. Дараа нь Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх учиртай.
Танилцуулгатай холбогдуулан гишүүд ШЕЗ-ийн дарга болон нэр дэвшигчдэд асуулт тавьж, саналаа хэлсэн. Үг хэлсэн гишүүн бүр шүүх иргэддээ илүү үйлчилж, хүний эрхийг дээдлэн, шударга ажиллах ёстойг сануулж, захиж байлаа. Ц.Нямдорж гишүүн “Шүүх мөнгөтэй хүмүүсийн хүслээр шийдвэр гаргадаг болсон” хэмээн шүүмжилсэн бол Х.Тэмүүжин гишүүн “Шүүгчийн сонгон шалгаруулалтын зарим шалгуурыг ил тод болгох шаардлагатай. Дээд шүүхийн шүүгч нарын үзэгний үзүүрт эрх мэдэл байдаг.
Тэд “Бидэнд хууль тайлбарлах эрх олгооч” гэхийн оронд гаргаж буй шийдвэр бүрээ дотоод итгэл үнэмшил, эрх зүйн шинэчлэлийн үүднээс тайлбарлах чадвартай байх ёстой” хэмээсэн. Үүний дараа Х.Тэмүүжин гишүүний дээр цухас дурдсанчлан хууль тайлбарлах, эс тайлбарлах талаар талцахад хүргэж буй Шүүхийн тухай хуулийн 17.3.1 дэх заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх байв.
Гэсэн ч Х.Тэмүүжин гишүүн олон улсын жишиг, хандлагыг дахин судалж, асуудалд нухацтай хандах ёстой хэмээн хойшлуулах санал тавьсныг Байнгын хорооны дарга ёсоор болгосон юм. Дээд шүүхийг төлөөлөх эрхийг Дээд шүүхийн аль нэг танхимын таван шүүгч эдлэхгүй, хуулийн албан ёсны тайлбарыг нийт шүүгч гаргах нь Үндсэн хуульд нийцнэ гэж үзсэн Цэцийн дүгнэлтийг тус Байнгын хорооны өмнөх хуралдаанаас хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн ч нэгдсэн хуралдаанаар санал тэнцэж, олонхийн дэмжлэг авч чадаагүй билээ.
Тиймээс Хууль зүйн байнгын хороогоор энэ талаар дахин ярилцаж, шийдвэрийн төсөл оруулж ирж, хэлэлцүүлэхийг УИХ-ын дарга үүрэг болгоод байсан юм.
Б.НОМИН