Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс Дэлхийн зөн олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр Хохирогчийг хамгаалах өрөөтэй боллоо. Дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт 2014 онд 941 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдсаны 33.2 хувийг бусдын бие махбодид гэмтэл учруулах хэрэг эзэлж, энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдын 25.7 хувь нь хүүхэд, эмэгтэйчүүд байна. Иймд гэмт хэргийн гэрч, хохирогч, бага насны хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, тэдэнд туслалцаа дэмжлэг үзүүлэх зорилгоор Хохирогчийг хамгаалах өрөөг байгуулахаар санаачилж ийнхүү ашиглалтад орууллаа. Хохирогчийг хамгаалах өрөөг бий болгосноор гэмт хэргийн хохирогч ялангуяа гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хангах, эрх ашгийг хамгаалах, мэдүүлэг байцаалт авах тусгайлсан орчин бүрдэж байгаа юм.