Сүүлийн жилүүдэд олон нийтийн сүлжээгээр хандив цуглуулах уриалга их гарах болсон. Одоогийн байдлаар манай улсад энэ чиглэлээр нэгдсэн зохицуулалт байхгүйгээс болж хандивын үйл ажиллагаа нэлээд доголдолтой байдаг аж. Үүнийг шийдвэрлэхийн тулд хэсэг залуус нэгдэж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийгмийн халамж нэн шаардлагатай, тусламж авах хүндэтгэх шалтгаантай хүмүүст хандив цуглуулах нэгдсэн систем бүхий Handiv.mn цахим хуудас нээснээ танилцууллаа.
Өвчин эмгэг болон гэнэтийн аюул осолд нэрвэгдэж амьдралын хүнд нөхцөлд байгаа хэдий ч цаашид эмчлэгдэж, эдгэрэх боломжтой хүмүүст хандив шаардлагатай болсон тохиолдолд тус цахим хуудсанд бүртгүүлж албан ёсны эмчийн дүгнэлт, оношилгоо, шинжилгээний бичиг, зураг, хандив хүсэх болсон шалтгаанаа дэлгэрэнгүй мэдээллээ илгээснээр хүчинтэй болох гэнэ.
Энэ тухай тус цахим хуудсыг санаачлагч Ш.Отгон-Өлзийгөөс зарим зүйлийг тодрууллаа.
-Энэ санг яагаад байгуулах болов. Үйл ажиллагааныхаа талаад ярихгүй юу?
Манай улсад сүүлийн жилүүдэд хот суурин газрын хүн амын төвлөрөл, уур амьсгалын өөрчлөлт зэргээс шалтгаалан амьдрах орчны экологийн тэнцвэр алдагдсаар байна. Үүнийг дагаад нийгмийн дундаж давхарга, тэдний гэр бүлд хүүхдийн өвчлөл өсөх хандлагатай байна. Зарим иргэд өөрсдийн нөөц боломжоо шавхаад ч хайртай хүнийхээ эмчилгээний зардлыг бүрэн төлж чадахгүй бусдаас тусламж гуйх гарцаагүй байдалд ордог. Одоогийн байдлаар манай улсад энэ чиглэлээр зохицуулах газар байхгүйгээс эмх замбараагүй болж, хуурамчаар хандив цуглуулах, хандиваас завших гэх мэт сөрөг үйлдүүд гараад байгаа. Үүний эсрэг манай сан ажиллах юм.
-Танай сангаас тусламж авахын тулд мөнгө төлөх шаардлагатай юу, өвчтөн болон аюулд учирсан хүмүүст сайтаар дамжуулан иргэд мөнгө хандивлалаа гэхэд хэрхэн тайлангаа танилцуулах вэ?
- Хандивыг цахим сангийн дансаар цуглуулж, цугларсан мөнгөний 90 хувийг хүлээлгэн өгнө. Харин үлдсэн 10-ыг сангийн үйл ажиллагаа болон олон нийтийн хэрэгслээр мэдээллээ түгээхэд ашиглана гэж хэлж болно. Тусламж хүссэн хүний бүх мэдээлэл болон мөнгө хэрхэн цугласан байгаа талаар цахим хуудсандаа байршуулах болно. Нэг ч гэсэн монгол хүн эрүүл болоод эх орныхоо төлөө их үйлст өөрийгөө зориулж, эрүүл байгаасай гэж хүссэн учраас бид энэ ажлаа өнөөдрөөс эхлүүллээ.
Тусламж хэрэгтэй бол Handiv.mn цахим хуудсанд хандаарай