2009 онд дэлхийн саятнуудын тоо 17 хувиар нэмэгдэж, хямралын өмнөх түвшинд эргэж очсон тухай “Bloomberg” мэдээллээ. Эдүгээ дэлхий дахинаа сая доллараас дээш хөрөнгөтэй 10 сая хүн байдаг ажээ. Энэ тоо ид хямралын гэгдэх 2008 онд 8.6 сая байж. Дэлхийн баячуудын хэтэвч хэр зузаан бэ гэдгийг тодорхойлохдоо “хөрөнгө оруулалтын актив”-ыг л гол болгодог бөгөөд түүнд нь банкин дахь мөнгө, үнэт цаасыг хамааруулдаг байна.
Дэлхийн толгой баячуудын нийт хөрөнгө 2009 онд өмнөх онтой харьцуулахад 18.9 хувиар нэмэгдэж, 39 тэрбум долларт хүрчээ. Тэдний ихэнх нь буюу 2.87 сая нь АНУ-д оршин суудаг бол удаах байрт 1.65 сая чинээлэг иргэнтэй Япон улс орж, 861.5 сая баянтай Герман гу равдугаарт жагсчээ. Дэлхийн саятнуудын 53.7 хувь нь энэ гурван оронд аж төрдөг байна. Энэчлэн Хойд Америк сая давсан долларын хөрөнгөтэй хамгийн олон хүнтэй (3.1 сая) бүс нутаг гэдэг хуучин алдраа өнөө хэр хадгалсан хэвээр буй. 2008 онтой харьцуулахад энэ бүс нутгийн саятнуудын тоо 17 хувиар нэмэгдэж, дэлхийд хоёрдугаарт ордог байр суурь өөрчлөгдөөгүй байна. Харин хөрөнгийнх нь хэмжээ асар их өссөн хувь хүний тухайд Ази, Номхон далайн бүс нутгийн орнууд толгой цохин гарч иржээ.
Дэлхийн энэ хэсэгт эдүгээ гурван сая саятан байгаа нь өмнөх оныхоос даруй 26 хувиар өссөн үзүүлэлт аж. Ази, Номхон далайн бүс нутаг (Энэтхэг, Хонконг) саятныхаа тоогоор өдгөө Европтой зэрэгцэн очоод буй юм байна. Өнгөрсөн онд ”хөрөнгө оруулалтын актив”-д тулгуурлаж мөнгө төгрөгөө арвижуулсан хүмүүс бидний ярьж заншсанаар илүүтэй “баяжиж”, тэд 30 сая доллар давсан хөрөнгөтөн болцгоожээ. Тэдгээр иргэний хөрөнгө жилд дунджаар 21.5 хувиар нэмэгдсэн байна.
2008 он баячуулд ихээхэн халгаатай жил байсан тухай “World Wealth Report”-ын тайлан илтгэлд дурджээ. Тухайн онд саятнуудын тоо 15 хувиар цөөрч (10-8.6 сая хүн), тэдний нийт хөрөнгийн хэмжээ 20 хувиар (40.7-32.8 тэрбум доллар) багасчээ.