Хэнтий аймгийн Баян-Овоо суманд энэ сарын 13-ны өдөр гарсан түймэр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум болон Дорнод аймгийн нутаг дэвсгэрт тархаад буй. Энэ талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга С.Залуухүүгээс тодрууллаа.
-Цаг агаар муудсанаас болж түймэр Түмэнцогт сумын төв рүү ойртсон гэсэн үү?
-Өчигдөр (дөрөвдүгээр сарын 14) орой салхины эрч 18-25 м/сек хүрч, чиглэлээ өөрчилснөөр түймэр Түмэнцогт сумын төв рүү 500 метр ойртсон. Гэхдээ аврах багийнхан түймрийн чиглэлийг өөрчилж, цурманд оруулан, унтрааж чадлаа. Сумын иргэд одоо аюулгүй болсон ч ийм тохиолдолд амиа аврах анхан шатны мэдлэгтэй байх ёстойг энэ түймэр иргэдэд санууллаа.
-Сүхбаатар аймагт олон айлын гэр шатсан гэсэн. Энэ нь дээрх түймэртэй холбоотой юу?
-Энэ сарын 13-ны өдөр Хэнтий аймагт хоёр, Сүхбаатар аймагт 16 гэр шатсан. Одоогоор нарийн дүгнэлт гараагүй байна. Ямартай ч түймэрт өртөж орон гэргүй болсон айлуудад Шадар сайд У.Хүрэлсүхийн тушаалаар улсын нөөцөөс шинэ гэр өгөхөөр болсон. Зүүн аймгуудад хуурайшилт нэн аюултай хэмжээнд хүрсэн. Тиймээс иргэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй байна. Түүнчлэн Улаанбаатар хотод амьдардаг Сүхбаатар аймгийн иргэд түймрийг унтраалцахаар бидэнтэй хамтарч ажиллаж байгаад талархаж байгаа.
-Одоогоор хэчнээн га газарт гал гараад байна вэ?
-Улсын хэмжээнд одоогийн байдлаар 13 аймгийн 39 суманд 70 гаруй удаа ой, хээрийн түймэр гарч, 213 га ой шатсан. Түймэрт өртөж шатсан талбайн 80 гаруй хувийг Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн газар нутаг эзэлж байна. Саяхан Дорнод аймгийн Матад суманд гарсан түймэр Халхгол суманд хүрч улсын хил давсан ч аврах багийнхан шуурхай ажиллаж, түймрийг цурманд оруулсан.
-Цаашид ямар арга хэмжээ авах вэ?
-Улсын онцгой комисс хуралдаж БОНХАЖЯ, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Сангийн яам, ОБЕГ, ЦЕГ, МХЕГ-аас хамтарсан ажлын хэсэг гаргахаар болсон. Тэд удахгүй түймрийн голомтод очиж ажиллана. Одоогийн байдлаар Сүхбаатар аймгаас зургаан бүлэг, ОБЕГ-ын Аврах тусгай ангийн гурван баг гал гарсан аймагт сар гаруй хугацаанд байрлан ажиллаж байгаа.