БХЯ, ЗХЖШ, JCI Монгол олон улсын байгууллага, Сингапурын боловсролын групп хамтран “Онц цэрэг” төсөл Зэвсэгт хүчний 013 дугаар ангид хэрэгжүүлж эхэллээ. JCI болон Сингапурын боловсролын группийн залуус нэгдэж, өөрсдийн санаачилгаар тус төслийг хэрэгжүүлэхээр болсон бөгөөд Зэвсэгт хүчний 100 цэргийн алба хаагчид гадаад хэл, компьютер, хувь хүний хөгжлийн боловсрол зэрэг хичээл заах аж. Энэ төслийн нээлтийн үеэр JCI Монгол байгууллагын ерөнхийлөгч Д.Ганхуяг “Улс орны хөгжлийн төлөө нийгэмд эерэг өөрчлөлт авчрах зорилгоор манай байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ зорилгынхоо хүрээнд “Онц цэрэг” төсөл хэрэгжүүлж байна. Эх орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын тэргүүн эгнээнд зогсож байдаг Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний мэдлэг, оюунд өчүүхэн ч болов хувь нэмэр оруулах үүднээс энэ ажлыг эхлүүллээ. Уг төсөл хэд хэдэн үе шаттай. Эхний ээлжинд Сингапурын боловсролын групптэй хамтарч англи хэлний мэдлэг олгож эхэллээ. Дараа нь компьютерийн сургалт шаттай явуулна. Мөн нэр бүхий мэргэжлийн лекторуудыг урьж, хувь хүний хөгжлийн лекц зохион байгуулна” гэлээ.Харин БХЯ-ны газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр “Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний боловсролын түвшинг нэмэгдүүлэх бодлого БХЯ-наас баримталдаг. Үүний үр дүнд нийт бүрэлдэхүүнийхээ боловсролын түвшингээр тэргүүлэгч салбарт тооцогддог. Энэ үзүүлэлтэд бодитоор нөлөөлөх ажлыг энэ хоёр байгууллагын залуус нэгдэж эхлүүллээ. Цаашид олон анги, салбарт энэ төслийг үргэлжлүүлэх чиглэл БХЯ-наас баримтална” гэв.