Хаврын тэнгэр аашаа харуулж, Монгол орны зарим нутгийг хамран цасан болон шуурга уржигдар оройноос эхлэн шуурлаа. Нийслэлд багагүй хэмжээний цас орж, өчигдөр өглөө гэхэд зам талбайн мөстөн хоножээ. Үүний улмаас замын хөдөлгөөн хэт удааширч, халтиргаанаас болж замд шүргэлцэж, мөргөлдсөн тохиолдол нэлээд гарсан байв. Уг нь Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийнхэн шөнө ажиллаад ч болтугай зам дээгүүр цас хайлуулах бодисоо цацааагүйгээс өглөө зам мөстсөн бололтой. Өнгөрөгч өвөл нийслэлд бараг цас ороогүй, хайлуулагч бодисын нөөц хангалттай л баймаар. Замын халтиргаа, гулгаанаас болоод ч тэр үү, өчигдөр 16.00 цагийн байдлаар Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт 300 гаруй дуудлага иржээ. Уг нь бүтэн хоногийн 24 цагийн хугацаанд 300 орчим дуудлага мэдээлэл ирдэг юм билээ. Хэдийгээр өдөр мөстсөн зам гэсэж, халтиргаа багассан ч жолооч нар замын нөхцөлд хурдаа тохируулахгүй, эгнээ байраа зөв эзлэхгүйгээс осол гарсаар байсан юм. Энэ сарын 14-нд Улаанбаатар хотын хэмжээнд 234 дуудлага осол бүртгэгдсэнээс ес нь хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг байв. Үүний улмаас есөн хүн гэмтсэний хоёр нь сурагч. Тухайлбал, Хан-Уул дүүргийн нутаг, Яармагийн замд “Автотерминал” компанийн том оврын автобусны жолооч Т нь есөн настай хүүхдийг мөргөж гэмтээжээ. Хүн дайрчихаад хэргийн газраас зугтдаг жолооч нар байсаар. Хан-Уул дүүргийн нутаг, Энхтайвны гүүрний урд замд марк дугаар тодорхойгүй “Тоёота Приус” маркийн автомашины жолооч явган зорчигч Б-г мөргөж гэмтээгээд зугтсан аж. Үүний мөрөөр цагдаагийн байгууллага ажиллаж байгаа бөгөөд хяналтын камерт үлдсэн дүрс зэргээр нь тухайн автомашиныг олж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр болов.