1072-ын “АМЬ”
Тавантолгой ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний төслийг УИХ-аар удахгүй хэлэлцэнэ. Хөрөнгө оруулахаар хэлэлцээ хийж буй Монголын “Энержи ресурс”, Хятадын “Чайна Шинхуа энержи”, Японы “Сүмитомо” компани хамтын ажиллагааныхаа хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” компанийг удирдах юм. Хэлэлцээрт энэ компанийн хувьцааг хөрөнгийн зах зээлд гаргаж, олон нийтэд худалдах талаар тусгаагүй байна гэж зарим улстөрч шүүмжилж буй. Харин хөрөнгө оруулагч тал “Хувьцааг нь олон нийтэд худалдах эсэх нь Засгийн газрын мэдэх асуудал. Бидэнд хамаагүй” гэж хариулж байгаа. Тавантолгойн хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөл “Эрдэнэс Тавантолгой”-д үлдэнэ. Тэгэхээр компанийнхаа хэлбэрийг өөрчлөх эрх Засгийн газрын мэдлийнх гэсэн үг. Хамтрагчид ордын нөөцийг л ашиглана. Үүндээ тохирсон төлбөр төлнө. Өөр асуудалд оролцохгүй.
Шийдвэр гаргагчид “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг гурван сая хүн эзэмшдэг гэж ярих дуртай. Үнэн хэрэгтээ Монгол Улсын 970 мянган иргэн, 553 аж ахуйн нэгж тус компанийн 15 тэрбум ширхэг хувьцааны 6.5 хувийг эзэмшихээр бүртг үүлсэн байгаа. УИХ-ын 2012 оны сонгуульд оролцохдоо МАН иргэн бүрт 1.5 сая төгрөг өгнө гэж 1072 ширхэг хувьцаа олгох “аян” өрнөснийг бид мэднэ. 2008-2012 онд ажилласан Засгийн газар нийт 770 мянган өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутанд амласан мөнгөө өгсөн. Үлдсэн 2.2 сая иргэнд “Эрдэнэс Тавантолгой”- н 1072 ширхэг хувьцааг, эсвэл нэг сая төгрөг авах эрх олгосон билээ. Ингэхэд 1.1 сая иргэн сая төгрөг авахыг сонгосон юм. Харин Засгийн газарт өгөх мөнгө байгаагүй. Тэд хувьцаа ч үгүй, мөнгө ч үгүй хоцров. Засгийн газар мөнгө өгч чадахгүй нь, хувьцаа л өгье гэж үнэнээ өчихөөс аргагүй гэж үзэх хүн олон бий.
Гэвч Засгийн газар энэ талаар ам үл нээх аж. “Эрдэнэс Тавантолгой” компанийнхан хувьцаагаа хэрхэх талаар хөрөнгө оруулалтын банкуудаас зөвлөх үйлчилгээ авчээ. Монголын хөрөнгө оруулалтын дөрвөн банкны хамтарсан баг тус компанийн хувьцааны 51 хувийг “Эрдэнэс Монгол”-д, 34.5 хувийг зарласан хувьцаагаар “Эрдэнэс Тавантолгой”-д, 14.5-ыг нь иргэдийн, 0.05-ыг аж ахуйн нэгжүүдийн дансанд бүртгэхийг зөвлөсөн байна. Мөн тэд 1.1 сая иргэнд 1072 ширхэг хувьцааг олгож ҮЦТТТХТ-д бүртгүүлэхийг санал болгожээ. Зарласан хувьцаа гэдэг нь дотоод, гадаадын хөрөнгийн биржид худалдахаар төлөвлөж буйг хэлдэг юмсанж.
Иргэд 1072 ширхэг хувьцаа хэзээ “амь” орох бол гэж чих тавьж буй. Б.Энэбиш “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг хөрөнгийн зах зээлд гаргах ажлыг 2011 онд эхлүүлсэн түүхтэй. Түүнээс хойш IPO хийх хугацаа хойшилсоор байв. Тус компанийн дараагийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь 2016 онд хувьцаагаа хөрөнгийн биржид гаргана гэсэн нь хувьцаатай холбоотой хамгийн сүүлчийн мэдэгдэл байлаа. Харин одоо хувьцааг арилжих талаар тов хэлэх хүн алга. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унасан нь энэ тухай ярих цаг болоогүй гэж үзэхэд хүргэсэн болов уу. Тавантолгойд хөрөнгө оруулах гэрээ байгуулах Засгийн газрын ажлын хэсгийг ахалж буй сайд М.Энхсайхан 2016 он гэхэд 1072 ширхэг хувьцааг “амилуулах” боломж харагдаж буйг ярьсан удаатай. Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооныхон түүнтэй уулзаж, “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг “амь” оруулах хэд хэдэн хувилбар танилцуулсан гэдэг.
Мөн энэ үеэр “Энержи ресурс”- ийн толгой компани MMC-ийн хувьцааг ч Монголын хөрөнгийн биржид давхар бүртгэж болохыг ярилцсан байна. УИХ-ын дарга З.Энхболд “УИХ-д сонгогдоогүй, ард түмнээс мандат аваагүй Энхсайхан гэдэг нэг сайдаар хоёр сая хувьцаа эзэмшигчдийн хувь заяаг 70 жилээр тоглуулмааргүй байна” гэж 1072 ширхэг хувьцааны асуудлаар байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын дарга Тавантолгойд хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний төсөлд муу дүн тавиад буй нь энэ.

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

О.ЛХАГВАСҮРЭН: Нүүрсний ханш сэргэсэн үед хувьцаагаа гаргавал үнэд хүрнэ
“Эрдэнэс Тавантолгой” компанийн Хөрөнгө оруулалт, төлөвлөлт, эдийн засгийн газрын захирал О.Лхагвасүрэнтэй ярилцлаа.
-“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй. Иймээс компанийн тайлан балансад тусгадаггүй. Хувьцааг нь яагаад бүртгэлжүүлдэггүй юм бэ. Бүртгэх нь хувьцаагаа олон нийтэд худалдах хамгийн эхний алхам биз дээ.
-Нэлээд урт тайлбар хийх хэрэгтэй болох байх. Манай компанийг 2010 оны аравдугаар сард байгуулсан. Түүнээс хойш хувьцаатай холбоотой олон шийдвэрийг УИХ, Засгийн газар гаргасан байдаг. Ингэхдээ Тавантолгойн ордыг түшиглэж, “Эрдэнэс Тавантолгой” компанийг байгуулаад хувьцааных нь 20 хувийг иргэн бүрт олгохоор шийдвэрлэсэн. “Эрдэнэс Тавантолгой” компани хувьцааныхаа бүртгэлийг өөрөө хийхгүй. Засгийн газар брокер, дилерийн компаниудаар дамжуулаад хувьцаа эзэмшигчдийг бүртгэх үүргийг ҮЦТТТХТ-д өгсөн. ҮЦТТТХТ иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан хүмүүсийн хувьцааг 2011-2012 онд бүртгэсэн юм. 2012 онд Засгийн газар иргэдэд нэг сая төгрөгийн хувь хишиг авах уу, эсвэл манай компанийн 1072 ширхэг хувьцааг авах уу гэсэн сонголт олгосон. Ингэхэд 1.8 сая иргэн бэлэн мөнгө авах хүсэлт гаргасан юм. Тэдгээрээс нийт 770 мянга орчим өндөр настан, оюутан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн нэг сая төгрөгөө авчихсан байгаа. ҮЦТТТХТ хувьцаагаа авах хүмүүсийг бүртгэж дууссан.
Ингээд ямар нэг байдлаар хишиг хувь хүртээгүй 1.1 сая иргэн үлдээд байна. Тэдэнд сая төгрөг биш, хувьцаа өгөх эсэхийг шийдэх хэрэгтэй. Энэ бол “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны бүртгэлтэй холбоотой эхний асуудал. Хоёрдугаарт, компани хувьцаагаа яаж бүртгэдгийг хөндөх шаардлагатай. УИХ, Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанийн өмнөөс иргэдэд хувьцааг нь тараасан. Уг нь иргэд хөрөнгө оруулж байж хувьцаа эзэмших учиртай. Тэгэхээр оруулах хөрөнгийг нь иргэдийн өмнөөс хэн гаргах вэ гэдэг асуудал үүснэ. Санхүүгийн тайланд актив, пассив гэсэн хоёр ойлголт бий. Пассив талд хувьцаа эзэмшигчээ, актив талдаа хувьцаа эзэмшигч хэчнээн хэмжээний хөрөнгө оруулсныг бүртгэдэг. Хөрөнгө оруулалтын олон хэлбэр бий. Бэлэн мөнгөөр, биет хөрөнгөөр оруулж болно. Засгийн газар 7.4 тэрбум тоннын нөөцтэй том ордоо “Эрдэнэс Тавантолгой”- д эзэмшүүлэх замаар хөрөнгө орууллаа гэж би ойлгож байгаа. Бид ордынхоо нөөцийн үнэлгээгээр дамжуулж, иргэд болон төрийн эзэмшлийн хувьцааг хөрөнгөөр баталгаажуулахаар ажиллаж байна.
-Мөн компанийн хувьцааны нэрлэсэн ханшийг өндөр тогтоосон нь бүртгүүлэхэд түвэг удаж байгаа гэж сонссон.
-Тийм. Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” компанийн иргэнд олгосон 1072 ширхэг хувьцааг нэг сая төгрөгтэй дүйцүүлээд нэгжийнх нь нэрлэсэн үнийг 933 гэж тогтоосон. Анх энэ компанийг 15 тэрбум ширхэг хувьцаатай байхаар шийдвэрлэсэн. Нийт хувьцааг нэрлэсэн үнээр нь үржүүлэхээр 14 их наяд төгрөг гардаг. 14 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээр тооцож байж хувьцаа нь баталгаажих хүндрэлтэй байдлыг нэрлэсэн үнэ нь үүсгэсэн. Үүнийг тайлбарлахын тулд 2011-2012 оны үйл явдлыг эргэж харах шаардлагатай. Нүүрсний үнэ өндөр байсан тухайн үед олон улсын 29 банкнаас хувьцаа гаргахад хэдэн төгрөг төвлөрүүлэх боломжтой вэ гэсэн санал авсан. Банкууд “Эрдэнэс Тавантолгой”- г 4-28 тэрбум ам.долларын хөрөнгө татах боломжтой гэж үнэлсэн байдаг. Гэтэл үүнийг манай шийдвэр гаргагчид компанийн хөрөнгийн үнэлгээ гэж ойлгосон. Улмаар 7-8 сая ам.долларын үнэлгээтэй компани юм байна гээд нэрлэсэн үнийг нь тогтоочихсон юм. Тухайн үед Монголын нүүрсийг уурхайн аман дээрээс 70 ам.доллараар зарж байсан. Одоо хоёр дахин буурсан. Өнөөдөр 2012 оныхоос тэс өөр, дордсон эдийн засгийн нөхцөл байдалд ажиллаж буйг ойлгох хэрэгтэй. Би хувьдаа 933 төгрөгт дүйц үүлж нэрлэсэн үнийг тогтоох нь эрсдэлтэй гэж хардаг. Нэг сая төгрөгтэйгөө дүйц үүлнэ гэж бодоод бичиж болно. Хувьцааг олон нийтэд худалдахад зах зээлийн ханш нь нэрлэсэн үнээсээ доош орвол яах вэ. Үүнийг бодолцох ёстой. Манай Үнэт цаасны тухай хууль эрсдэл дагуулна. Тус хуульд компанийн хувьцааны ханш нэрлэсэн үнээсээ доош орвол татан буулгах тухай заалт бий. 933 төгрөгийг нэрлэсэн үнэ болгож тавих нь гол биш. Нэрлэсэн үнэ 100 төгр өг байж болно. Гол нь эдийн засгийн том өгөөж өгөх нөхцөлийг бүрдүүлж, “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны ханшийг өсгөх ёстой юм.
-Үүсээд буй түвэгтэй байдал, бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэхээр ажиллаж байгаа вэ?
-Засгийн газар хүмүүст бэлэн мөнгө олгох боломжгүй учраас хувьцаа эзэмшүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байдаг. Хувь хишиг хүрээгүй иргэдэд хувьцаа эзэмшүүлэх тогтоолын төслийг Засгийн газарт танилцуулах бодолтой байгаа. Үнэлгээний тухай ярихад “Эрдэнэс Тавантолгой” эзэмшлийн талбайдаа 2011 онд дэлхийд нэртэй “Norwest” компаниар техникийн үнэлгээ хийлгэсэн байдаг. Тэднийх манайхыг 3.9 тэрбум тонн баталгаатай нөөцтэй гэж үнэлсэн. Ордын бодитой нөөцөд тулгуурлаж, эдийн засгийн үнэлгээг гаргах учиртай. Ингэсний дараа хувьцааны хөрөнгө оруулалтыг баталгаажуулна. Манай компани сүүлийн хоёр жилд ордын нөөцийг баталгаажуулахаар ажиллалаа. Нөөцөө баталгаажуулах хүсэлтээ Ашигт малтмалын газарт явуулсан. Ингэхийн тулд олон улсын экспертүүдийн хөндлөнгийн дүгнэлт шаардлагатай байгаа. Ордын нөөцийн эдийн засгийн үнэлгээ хийх компанийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж байна. Хоёр компани нөөцийг үнэлсний дараа хөрөнгө оруулалтыг баталгаажуулна. Энэ бол түвэг удах ажил биш. Ирэх оноос өмнө хувьцааны бүртгэлийг хийчих болов уу. Мөн нэрлэсэн үнийг эргэж харах бодитой шаардлага бий. Засгийн газрын тогтоол шийдвэр гарснаас хойш “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг бүртгэх ажлыг огт орхигдуулаагүй.
-“Эрдэнэс Тавантолгой”- н хувьцааг олон нийтэд арилжаалах, “амьдруулах” хугацаа ойртож байна гэж ойлгож болох уу?
-Болно. Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулах хэлэлцээ үргэлжилж байна. Хөрөнгө оруулагчид төмөр замаа тавьж, үйлдвэрлэлийг 30 сая тоннд хүргэсний дараа хувьцаагаа гаргах бололцоо бүрдэх ёстой гэж би хувьдаа хардаг. Зөв цагт хөрөнгөө үнэд хүргэх нь хувьцаа гаргахын гол зорилго шүү дээ. Иргэндээ хувьцаа өгсөн учраас хэзээ ч хамаагүй гаргах ёстой гэсэн хандлага байж болохгүй. Нүүрсний үнэ сэргэсэн үед хувьцаагаа гадаад, дотоодын зах зээлд зэрэг гаргавал үнэд хүрнэ. Тогтмол худалдан авагчтай, зах зээлд байр сууриа эзэлсний дараа нүүрсний үнэ хямд байсан ч хувьцаагаа гаргах боломж бий. Гэхдээ нүүрсний үнэ өсөхийг хүлээх нь гарцаагүй. Энэ том ордын хувьцааг гаргахдаа эдийн засгийн агуулгыг нь илүү харах хэрэгтэй. Үүний сацуу хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг яаж хамгаалах вэ гэдэг компанийн засаглалын асуудал хөндөгдөнө. Тэдний эрх ашгийг хамгаалах төлөөллийг хэрхэн бүрдүүлэх талаар Монгол Улс даяар хэлэлцэх ёстой.
ЭШЛЭЛ
...Хүмүүсийн хамгийн их асуудаг 1072 хувьцааны талаар зориуд тэмдэглэн хэлэхэд хэрэв УИХ хэлэлцэн зөвшөөрвөл хувьцаа эзэмшиж байгаа нэг сая 800 мянган хүний ногдол ашигт зөвхөн энэ жил гэхэд урьдчилгаа мөнгөнөөс хүн тус бүрт 100 мянган төгрөгийг тусгай санд хуваарилах боломж байна. Цаашид 1072 хувьцааны үнэ цэнийг дээшлүүлэх зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг “Эрдэнэт”- ийн 51, “Оюутолгой”- н 34 хувь багтдаг “Эрдэнэс Монгол” компанийн хувьцаа руу шат ахиулан хувиргах асуудлыг бид судлан шийдэх боломжтой гэж үзэж байна...
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн олон нийтэд хандаж хэлсэн үг (2015.04.05)
...УИХ-д сонгогдоогүй, ард түмнээс мандат аваагүй М.Энхсайхан гэдэг нэг сайдаар хоёр сая хувьцаа эзэмшигчдийн хувь заяаг 70 жилээр өгөөд явуулчихмааргүй байгаа юм. Том төслүүдээ явуулъя гэж байгаа ч хуулийн дагуу л байх ёстой.
-УИХ-аар хэлэлцэхээр ямар үр дүнд хүрнэ гэж үзэж байгаа юм бэ?
-УИХ хуульд нийцүүлэх гэж л байгаа юм. Хууль зөрчсөн зүйлүүдийг хүчингүй болгоно. Дээр нь хоёр сая иргэдийн эрх ашгийг хамгаалах газар УИХ. Засгийн газар лав биш юм байна. Засгийн газар чинь 70 жилээр тийм нөхцөлөөр өгөхөд бэлэн байгааг тооц.
-УИХ-аар асуудал оруулахаар улстөрчдийн, намуудын өгөөш болох гээд байна гэж тайлбарлах нь бий?
-УИХ-аар оруулахгүй явж байгаа зүйлийг уншаад хоёр сая иргэн хувьцаагаа хогийн цаас болгохыг зөвшөөрвөл чигээр нь явуулж болно шүү дээ.
УИХ-ын дарга З.Энхболд (2015.04.13 сэтгүүлчидтэй уулзах үеэр, ikon.mn сайт)
...Компанид орж ирсэн тодорхой мөнгийг өр зээлийн төлбөрт зарцуулсаар байгаад 1072 ширхэг хувьцаа амилж чадахгүй аюул байна. Энэ талаар УИХ-д танилцуулсан. 1072 ширхэг хувьцааг яаж “амь оруулах” вэ гэдэг асуудлыг УИХ-ын түвшинд оруулж, асуудлыг шийднэ...
Монгол Улсын сайд М.Энхсайхан (2015.01.29)
ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ
- “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшиж буй эсэхээ registration.schcd.mn цахим хаягаар орж, өөрийн регистрийн дугаарыг оруулан шалгаж үзэх боломжтой.
- Хувьцаагаа баталгаажуулж өөрийн дансандаа байршуулахын тулд үнэт цаасны компанид данс нээлгэх хэрэгтэй.
- Одоогоор хувьцааг өөр хүнд бэлэглэх, шилжүүлэх, өвлүүлэх боломжгүй.
Хэн хэдэн ширхэг хувьцаа эзэмших вэ?
- Засгийн газрын 2011 оны гуравдугаар сарын 31-ний 98 дугаар тогтоолын дагуу уг өдөр болон түүнээс өмнө төрсөн Монгол Улсын иргэн 536 ширхэг хувьцаа эзэмшинэ.
- Засгийн газрын 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний 116 дугаар тогтоолын дагуу уг өдөр болон түүнээс өмнө төрсөн иргэд 1072 ширхэг хувьцаа эзэмших эрхтэй.
- 2011 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нд Монгол Улсын харьяатаас гарсан, нас барсан иргэн нэмж 536 ширхэг хувьцаа эзэмшихгүй, зөвхөн 536 ширхгийг эзэмшинэ.
- 2011 онд эрүүл мэндийн даатгалын төлбөрөө улсаар төлүүлж байсан бол есөн ширхэг хувьцаа хасагдан 1063 ширхгийг эзэмшинэ.
- 2011, 2012 оны аль нэгэнд оюутны сургалтын төлбөрөөсөө 500.000 төгрөгийг улсаас хөнгөлүүлж байсан бол 536 ширхэг хувьцаа эзэмшинэ.
- 2011, 2012 оны аль нэгэнд оюутны сургалтын төлбөрөөсөө 500.000 төгрөгийг улсаас хөнгөлүүлсэн, 2011 онд эрүүл мэндийн даатгалын төлбөрөө улсаар төлүүлж байсан бол 527 ширхэг хувьцаа эзэмшинэ.
- 2011, 2012 онд хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан, оюутан бэлнээр мөнгөө авсан бол хувь хишиг хүртсэн гэж үзнэ.
ТҮҮХЭН ТОВЧООН
2010.01 сар
УИХ-ын 39 дүгээр тогтоолоор Тавантолгойн ордыг ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор хөрөнгө оруулагч шалгаруулах үүргийг Монгол Улсын Ерөнхий сайдад өгөв.
2010.10 сар
“Эрдэнэс Тавантолгой”-г “Эрдэнэс МГЛ”-ын охин компани хэлбэрээр байгуулав. Тус компанийн хувьцааны 10 хувийг Монгол Улсын иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлнэ гэв.
2011.03 сар
Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 10 хувийг Монголын бүх иргэдэд эзэмшүүлэхээр шийдвэрлэлээ.
2011.07 сар
Засгийн газраас иргэдэд хувьцаагаа авч үлдэх, эсвэл бэлэн мөнгө авах сонголт өглөө.
2012.05 сар
“Эрдэнэс Тавантолгой” компанийн нэг иргэнд ногдох 1072 ширхэг хувьцааг нэг сая төгрөгтэй дүйцүүлэн тухайн хувьцааны нэрлэсэн үнийг 933 төгрөгөөр тогтоов.
2014.08 сар
Хөрөнгө оруулагч шалгаруулах ажлыг дахин зохион байгуулах зорилгоор 268 дугаар тогтоол гаргав. Зургаан компанид урилга илгээсэн боловч дөрөв нь “талархсан хариу” илгээж, хоёр нь хөрөнгө оруулах санал ирүүлжээ.
2015.02 сар
“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг эзэмшиж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, хувьцааны эдийн засгийн үр өгөөжийг хүртэх боломжийг бүрдүүлсэн зохицуулалтыг хэлэлцээрт тусгаж, 2015 оны хаврын чуулганы хугацаанд багтаан зохион байгуулж, танилцуулахыг Өргөдлийн байнгын хорооноос Засгийн газарт даалгалаа.
БАЙР СУУРЬ
“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг хэрхэн шийдэх талаар эдийн засагч, шинжээчдийн байр суурийг сонирхлоо.
БЭЛЭН МӨНГӨ ОЛГОХ ХЭРЭГГҮЙ
Г.МӨНХ-ЭРДЭНЭ “Гаүли” үнэт цаасны компанийн хөрөнгө оруулалтын шинжээч
-Цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэнэ нь өсөж байдаг хөрөнгө хүнд хэрэгтэй. Харин инфляцад идэгдэж цаас болдог бэлэн мөнгө хэрэггүй. “Эрдэнэс Тавантолгой”- н 1072 ширхэг хувьцаагаар хөшүүрэгдэн олон нийтийн хөрөнгийн зах зээлийн мэдлэгийг нэмэгдүүлэх “хөрөнгийн зах зээлийн боловсрол” олгох хөтөлбөр хэрэгжүүлж, иргэдэд энэ зах зээл, хувьцаа гэдэг ямар үнэ цэнэтэй, чухал зүйл болохыг ойлгуулах нь зүйтэй. Ингэж чадвал бид эдийн засгийн өсөлтөөс, эх орныхоо баялгаас үр шимийг нь жинхэнэ утгаараа хүртэх арга замаа олж харна. Зөвхөн Тавантолгой, Оюутолгойд ажилладаг хүмүүс цалин авч үр шимийг нь хүртдэг бус, улс нь татвар хурааж төсвөө бүрдүүлдэг бус, та ч гэсэн үр ашгийг нь шууд хүртэж чадна. Тавантолгой, Оюутолгой шиг дараагийн төслүүд хэрэгжихэд хариуцлагатай, хяналттай, нээлттэй, ил тод систем болох хөрөнгийн захаар дамжуулахыг нийгэм шаардана. Иймээс иргэдийн 1072 ширхэг хувьцаанд бэлэн мөнгө олгох хэрэггүй гэж бодож байна. 1072 ширхэг хувьцааг “Эрдэнэс Монгол”- ын нэг ширхэг хувьцаа болгох ч хэрэггүй. Тэгвэл хөрөнгийн зах зээлийн хөгжлийг боомилно. Хэрэв одоо 100.000 төгрөгөө авбал ирээдүйд хүртэх хэмжээлшгүй их хөрөнгөө алдана. 1072 ширхэг хувьцаагаар дамжуулж хөрөнгийн зах зээлийн ач холбогдлыг нийгэмд таниулах ажлыг нэн даруй хийх ёстой болов уу.
КОМПАНИУДЫН ХУВЬЦААНЫ ХАНШ ӨСӨХӨД НӨЛӨӨЛНӨ
Б.ЭРДЭНЭБАТ МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн доктор, профессор
-Аливаа ордыг хэзээ ашиглах нь түүхий эдийн эрэлт, төлөвөөс хамаардаг. Эрэлт их, үнэ өсөх төлөвтэй байвал тухайн ордын ашиглалтад юу ч саад болж чадахгүй. Нөгөө талаас, нийлүүлэлт хангалттай байхад эрэлт, үнэ буурвал байгуулсан гэрээнүүд ч цуцлагдана. Ямар нэг шалтаг, арга байнга олдоно. Ард нь капиталист механизм ажиллаж байна шүү дээ. Хоёрхон жилийн өмнө тонн нь 83 ам.доллар байсан нүүрсний үнэ өнөөдөр 58 “ногоон” болчихоод байгаа. Ойрын таван жилд улам хямдарна гэж санхүүгийн зах зээлд оролцогчид үзэж байгаа нь таагүй мэдээ. Дэлхий дээрх том ордуудын нэг Тавантолгой ашиглалтад орчихвол нийлүүлэлт нэмэгдэж, ирээдүйд нүүрсний үнэ улам унаж, олборлолтын зардал өндөртэй бусад уурхай нь ашиггүй болох магадлалтай. Тавантолгойн ордыг жинхэнэ утгаараа ашиглаад эхэлбэл иргэдийн хувьцаа эдийн засгийн эргэлтэд орж, Монголын хөрөнгийн бирж дэх тухайн компанийн болон уул уурхайтай холбоотой компаниудын хувьцааны ханш өсөж болно. “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцаа эзэмшигч бүрт 100.000 төгрөг олгоно гэдэг ташаа мэдээлэл байх гэж би бодож байна. Татварын орлого буурснаас болж Засгийн газар төсвийн алдагдлаа нөхөх зорилгоор маш өндөр буюу жилийн 16 орчим хувийн хүүтэйгээр Монголын хөрөнгийн биржид үнэт цаас арилжин зээл авч байгаа. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигч иргэн бүрт 100.000 төгрөгийн ногдол ашиг олгох санхүүгийн эх үүсвэр одоогоор байхгүй.
ХЭР АШИГ ОРЛОГОТОЙ АЖИЛЛАХААС Л ШАЛТГААЛНА
Б.МӨНХДӨЛ “Cover Mongolia” компанийн ерөнхий захирал
-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 1072 ширхэг хувьцааны талаар “Хувьцаа эзэмшиж буй 1.8 сая хүн тус бүрт 100.000 төгрөгийн ногдол ашиг тараах боломжтой” гэж мэдэгдсэнийг нь зах зээлийн шинжээчийн хувьд маш тааламжгүй хүлээж авсан. Бэлэн мөнгө хавтгайруулан тараах нь ямар хор уршигтайг хүн бүр амьжиргаагаараа мэдэрсэн шүү дээ. Харин Ерөнхий сайд ингэж мэдэгдэж буй нь иргэдийн дэмжлэгийг авах зорилготой байж мэднэ. Тавантолгойн гэрээг эцэслэн гарын үсэг зурагдсан байна уу, үгүй байна уу гэдгээс үл хамааран “Эрдэнэс Тавантолгой” компани Тавантолгойн ордыг 100 хувь эзэмшсэн хэвээр байгаа. Тийм учраас иргэд 1072 ширхэг хувьцааныхаа үр шимийг хүртэх, эсэх нь тус компани ашиг орлоготой ажиллахаас л шалтгаалах хэрэг. “Эрдэнэс Тавантолгой” компанийн эзэмшил ямар байгаа нь хэлэлцээрт огт хамаагүй. Консорциум “Эрдэнэс Тавантолгой”- д хэр их өр төлбөр, ашиг авчрах нь л хамгийн чухал юм. Цаашид тэр ашиг орлогыг хувьцаа эзэмшигчдэдээ хэрхэн хүртээх нь төр, засгийн шийдэх хэрэг биш, цэвэр “Эрдэнэс Тавантолгой”- н асуудал байх ёстой.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТОДОРХОЙ ХУВИЙГ ТАРААВАЛ ИНФЛЯЦ ӨСНӨ
Г.ГАНЗОРИГ Санхүүгийн зах зээлийн холбооны эдийн засагч
-Аливаа компани заавал ашигтай ажиллаж байж ногдол ашиг өгдөг гэх ойлголт байхгүй. Тухайн компанид ногдол ашгийн бодлого гэж бий. Үүний дагуу хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх үүднээс ашигтай ажилласан эсэхээс үл хамааран түүнийгээ хуваарилдаг. Харин тэрхүү ногдол ашгийг бэлэн мөнгө хэлбэрээр иргэдэд тараах уу гэдгийг тодруулах хэрэгтэй. Бэлэн мөнгөөр нь тараавал эдийн засагт төдийлэн сайн биш. Одоогоор “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг эзэмшдэг 1.8 сая иргэн бий. Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой”- гоор дамжин орж ирж байгаа хөрөнгө оруулалтын тодорхой хувийг 1.8 сая хүнд тараавал инфляцыг хөөрөгдөнө. Мэдээж ногдол ашгийг “Chalco”-д өгөх 142, төмөр замын нөхөн олговор болох 280 сая ам.долларыг төлсний дараа олгож таарах болов уу. Гэхдээ Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх хугацааг хойшлуулчихлаа. Асуудал цааш яаж өрнөхийг мэдэхгүй. Харин Тавантолгойн асуудал нааштай шийдэгдвэл шууд л 1072 ширхэг хувьцаа нь “амь ороод”, хөрвөх чадвартай болох уу гэвэл үгүй. Тодорхой хугацаа шаардана. Энэ төсөл эдийн засагт тодорхой үр нөлөө өгсний дараа хөрөнгийн захад дэмжлэг болно.
Т.ЭНХБАТ