Цагаан сарын дараахан хоёрдугаар сарын 28-нд болсон, “Дүнжингарав 2015” хурдан морьдын уралдааны үеэр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын сурагч, 13 настай Б хүү мориноос унаж гэмтэл авсан аж. Хүүгийн эгэм, шуу хугарч, мөр нь хагас мултран, тархиндаа гэмтэл авчээ. Тэрээр аймгийн төвдөө эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд сар гаруй болж байгаа аж. Уяач О нь хүүгийн эцэг эхээс зөвшөөрөл авч, морио унуулсан юм байна. Гэсэн ч эмчилгээний зардал өгөөгүй гэнэ. Тиймээс хүүгийн ээж аймгийнхаа Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэст хандан, уяач нар хүүхдийг адгууснаас дорд үзэж буйд анхаарч, морины хүүхдүүдийг хамгаалахад анхаарахыг хүсчээ.