Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд У.Хүрэлсүх өчигдөр тушаал гарган, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт гарсан хээрийн түймрийн учруулсан хохирлыг тогтоох, нэрвэгдэгсдэд туслах, дээрх аймгуудын Онцгой комисст заавар зөвлөмж өгөх, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлүүлэхээр ажлын хэсэг байгууллаа. Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан ажлын хэсэгт ХХААЯ, Сангийн яам, ЦЕГ, МХЕГ, ОБЕГ-ын мэргэжилтнүүдийг оруулжээ. Тэд өчигдөр орой зүүн аймгуудыг зорилоо.
Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар 13 аймгийн 39 суманд 71 удаа ой, хээрийн түймэр гарч, 213 га ой, 225.273 га ой, хээр шатжээ. Эл түймрийн 35 нь Дорнод, Хэнтий Сүхбаатарт гарсан байна. Дорнодод 17, Хэнтийд найм, Сүхбаатарт 10 түймэр дэгджээ. Энэ сарын 13-нд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Яруу гэдэг газарт гарсан хээрийн түймэр Сүхбаатарын Түмэнцогт, Дорнодын Хөлөнбуйрт “зочлоод” байна. Үүнийг унтраахаар Аврах тусгай ангийн 24 аврагч, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын 34 албан хаагч, Баруун-Урт, Түмэнцогт, Мөнххаан сумын 201 иргэн, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын 47 албан хаагч, Баян-Овоо сумын 165 хүн, Дорнодын Хөлөнбуйр, Цагаан-Овоо сумын 72 хүн ажиллаж байна. онцгой байдлын албаны 141 албан хаагчийг , 13 автомашинтай ажиллаж байна. Нийтдээ 579 хүн, 57 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж буй ч энэ түймрийг унтраахад тун хүнд байгаа тул НОБГ-аас 12, Говьсүмбэр, Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас тус бүр 12 албан хаагч нэмж дайчилжээ. Тэд түймрийн голомтод очсон байна.
Булганы Баян-Агт сумын Хайлааст багт гурав хоногийн өмнө ассан түймэр Хөвсгөлийн Тариалан, Булганы Хутаг-Өндөр, Баян-Агт суманд “айлчилжээ”. Түймрийг Булган, Хөвсгөл аймгийн 48 аврагч, Булганы Хутаг-Өндөр, Баян-Агт, Хөвсгөлийн Тариалан сумын 108 иргэн нүдэж байна.