Урин дулаан цаг болж, эцэг эхчүүд бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр хичээлд нь явуулдаг болсон нь багачууд автомашины осолд өртөх шалтгаан болж байгааг Замын цагдаагаас анхаарууллаа.
Мөн эцэг эхчүүд бага насны хүүхдээ дагуулан замаар гарахдаа гарцгүй газрыг сонгох, улаан гэрлээр машины урдуур гэнэт гүйх зэрэг тохиолдол олон байгаа юм. Энэ нь эргээд таны хүүхдэд буруу үлгэр дууриалал болж байна.
Өнгөрсөн хоногт гэхэд зам тээврийн осолд хоёр хүүхэд өртсөн байна. ХУД-ийн нутаг Зайсангийн гудамж, Зайсан толгойн арын замд Х.Элентра маркийн авто машины жолооч А нь явган зорчигч 13 настай охиныг мөргөж гэмтээжээ.
Мөн СБД-ийн нутаг Бээжингийн гудамж долдугаар байрны арын замд Субару маркийн авто машины жолооч Д нь явган зорчигч таван настай охиныг мөргөж гэмтээсэн хэрэг гарчээ.