Швейцарын хөгжлийн агентлаг, Люксембургийн ЗГ, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын ЗГ, НҮБ-ын Хүн амын сангийн хамтран хэрэгжүүлж буй “Залуучуудын хөгжил 2013-2017” төсөл Өмнөговь аймагт 2013 оноос хойш хэрэгжиж байгаа билээ. Энэхүү төслийн хүрээнд Цогтцэций суманд “Залуучуудын хөгжлийн төв” шинээр байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлж байна.
Нээлтийн арга хэмжээнд Цогтцэций сумын ИТХ-ын дарга Ц.Мөнхдэлгэр, Засаг дарга С.Содбаатар, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Д.Нацагдорж, НҮБ-ын Хүн Амын Сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара, Хүн амын хөгжил Нийгмийн хамгааллын яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Амарсайхан, Монголын оюутны хүндэт ерөнхийлөгч, төслийн удирдах хорооны гишүүн С.Батсайхан, аймгийн ХГБХХ-ийн дарга Б.Эрдэнэцэцэг зэрэг албаны хүмүүс оролцлоо. Тус суманд хөдөлгөөнт хүн амтайгаа нийлээд 16 мянга гаруй хүн амтай бөгөөд үүний 7 мянга гаруй нь залуучууд байдаг байна. Монгол Улсын 330 сумаас ийнхүү Цогтцэций сумыг сонгон залуучуудад зориулсан төв байгуулсан нь тэдэнд эд материалын болоод оюуны асар том хөрөнгө оруулалт юм гэдгийн сумын зүгээс илэрхийлж байлаа.