Нийслэлийн МАН-ын хороо, нийслэлийн “Нийгмийн ардчилал” Монголын оюутны холбооноос хамтран зохион байгуулсан “Хотын хөгжил-Залуусын оролцоо” илтгэлийн тэмцээн өчигдөр боллоо.
Тэмцээнд оролцогчид нийслэл хотын тулгамдаж байгаа асуудал, түүнээс гарах арга замыг илэрхийлсэн илтгэлээ энэ үеэр сонсгов. Дэлхийд ганцхан хоттой бид хөгжлийг өөрөөсөө эхлүүлэх хэрэгтэйг илтгэгчид онцолж байв. Хотын өмнө тулгамдаж байгаа төвлөрөл, агаарын бохирдол, шилжилт хөдөлгөөн, суурьшил байршил, хотын соёл, нийтийн тээвэр, хүүхдийн тоглоомын талбай, сургууль цэцэрлэг гээд бүхий л асуудлыг оюутан залуучууд илтгэлдээ тусгаж, гарах арга замын талаар өөрсдийн санал бодлоо дэвшүүлжээ. Илтгэлийн тэмцээнд ”УБ хотын хөгжилд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт илтгэлээр МУИС-ийн Бизнесийн сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан Б.Далайбаяр тэргүүлж, “Улаанбаатар хотын хөгжлийн хэтийн төлөв байдал” сэдвээр Их засаг хууль зүйн сургуулийн оюутан О.Билгүүн хоёрдугаар байр, “Цаг үеийнхээ хөдөлгөгч хүч нь залуус байдаг” илтгэлээр МУИС-ийн Шинжлэх ухааны их сургуулийн оюутан Э.Ганчулуун нар гутгаар байр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо. Хотын хөгжлийн төлөө цугларсан залуучуудад нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй талархсанаа илэрхийлж, батламж гардууллаа.