Юу ч ярьсан ямар нэг “толгой” болчих гээд байх болж. Эдийн засаг гэхэд Оюутолгой, Тавантолгой гэнэ, улс төр гэсэн ч ялгаагүй, учиртай хэдэн толгойн тухай яриа голлоно. Дашдоржийн Нацагдорж дурлалаар учирсан гурвын түүхийг бичихдээ наян жилийн дараа Монголын амьдрал Юндэн, Нансалмаа, Хоролмаагаас дутахгүй янз учир бүрнээ цогцолсон толгойнуудаас зайлахгүйг гадарлаагүй дээ. Ардчилсан нам эрх барьж байгаа гэсэндээ л тэвчиж байгаагаас биш, гудамжинд байсан бол аль эрт хэдэн хэсэг салаад өөр өөрийнхөө замаар лаазаа өшиглөхөөр дүр зураг улс төрд өрнөж байна. Эрх мэдэл, мөнгө амталсан АН-ын нанчилдаан хэрээс хэтэрч, одоо хэл амаа олохоосоо өнгөрөв бололтой.
Гэлээ гээд фракц фракцаараа мөрөө хөөе гэхээр одоо нэгэнт өндөрлөгт гарсан тэдэнд алдах зүйл нь аварга том тусна. АН-ын дотоодод ямар нэг юм болоод байгааг З.Энхболд, Ч.Сайханбилэг нар дэлгэе гэж дэлгэсэнгүй, анхаарлын төвд орсон Тавантолгойн гэрэлд аандаа цохигдож орхилоо. Энэ айлд юу болохоос Монголын жаргал, зовлон улбаалах хойно зүгтэйхэн шиг сахилгагүйтээсэй билээ гэж бизнесийнхэн, энгийн иргэд гээд хэн хүнгүй харуулдаж байна.
НЭГЭН ТОЛГОЙ БУЮУ З.ЭНХБОЛД БА Х.БАТТУЛГЫН ХОРШИЛ
З.Энхболд, Х.Баттулга хоёр яг одоо болзож байгаа. Тэд АН-ын учиртай гурван толгойн нэг. “Женко”-гийн хүн гэгддэг А.Гансүх Зам, тээврийн сайдын албаа өгмөгцөө УИХ-ын даргын зөвлөхөөр очиж, Тавантолгой төсөл дэх З.Энхболдын байр суурийг илэрхийлэх болсон. Тэр бас Х.Баттулгын төмөр замын бодлогын “улаан хамгаалагч”. Тэгэхээр энэ удаа АН дахь “Шонхор”, МоАХ фракцын толгойлогчдын тоонот гэрт толгой холбосны шалтгаан нь Тавантолгой болж байна. З.Энхболд, Х.Баттулга нар Шийдлийн Засгийн газрын боловсруулсан Тавантолгойн ордод хөрөнгө оруулах гэрээний төслүүдийн эсрэг байр суурьтай байгаа бөгөөд УИХ-д өргөн бариад буй уг баримт бичгүүдийг хэлэлцэх үеэр тэдний амбийц улам тод илрэх нь гарцаагүй.
“Шонхор”, МоАХ фракцын хувьд улс төрийн тоглоомонд хамтарч үзсэн, хагацаж ч явсан хоршил. УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө Х.Баттулга, З.Энхболд нар Н.Алтанхуяг тэргүүтэй “Алтангадас” фракцын эсрэг Ардчилсан хүчний холбоог үүсгэж, тухайн үеийн Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийг Сү.Батболдын танхимаас гарах, АН-ын даргаас огцрохыг шаардаж байлаа. Сонгуулийн дараа “Женко” Х.Баттулга төмөр замын бодлого, аж үйлдвэрийн парк зэрэг эдийн засгийн томоохон төслүүд дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нартай санал зөрснөөсөө болж ганцаардах болсон.
Одоогоос жилийн өмнө Х.Баттулгын ганцаарчилсан сөрөг тоглолт хүчээ авч
байх үед “Шонхор”, МоАХ фракцыг нэгтгэх, удирдагчаар нь З.Энхболдыг тавих
санаа МоАХ-ны үзэл санааны “эцэг” асан Ц.Элбэгдоржийн зүгээс гарч байсан гэдэг.
Хожим энэ хоршил эргээд Элбэгээгээ буланд шахаж
буй нь АН-ын хамгийн хоржоонтой улс төр болоод буй.
Уурандаа сайдынхаа албыг ч өгснийг та бүхэн санаж байгаа байх. Харин одоо ганцаараа биш. З.Энхболд “Женко”-гийн Тавантолгойн хань боллоо. Одоогоос жилийн өмнө Х.Баттулгын ганцаарчилсан сөрөг тоглолт хүчээ авч байх үед “Шонхор”, МоАХ фракцыг нэгтгэх, удирдагчаар нь З.Энхболдыг тавих санаа МоАХ-ны үзэл санааны “эцэг” асан Ц.Элбэгдоржийн зүгээс гарч байсан гэдэг. Хожим энэ хоршил эргээд Элбэгээгээ буланд шахаж буй нь АН-ын хамгийн хоржоонтой улс төр болоод буй.
Ч.САЙХАНБИЛЭГ БА Ц.ЭЛБЭГДОРЖ ХЭМЭЭХ БАС НЭГЭН ТОЛГОЙ
Ц.Элбэгдорж АН-ын гал тогооноос алс, Төрийн тэргүүнээр зургаа дахь жилдээ ажиллаж байна. МоАХ-ны лидерийн суудлаа “Женко”-д өвлүүлсэн түүнд өдгөө чононд мах хадгалуулсантай адил санагдаж байгаа болов уу. Үе үеийн Төрийн тэргүүн нар хоёр дахь бүрэн эрхийн хугацаандаа улс төрөөс шахагдсан, уугуул намдаа хоргодсон нэг тийм саарал түүхтэй өндөрлөдөг уламжлалыг Элбэгээ ч бас мэдэрч байгаа. Одоогийн Ерөнхийлөгч хүнийхээ хувьд Н.Багабанди шиг тайван, Н.Энхбаяр шиг хор шартай амьдрахыг хүсэх этгээд биш. З.Энхболд, Х.Баттулга хоёрт фракцаа, өөрийн гэгддэг хүмүүсийнхээ хамт булаалгасан Ц.Элбэгдоржийн нэр С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарын нэн шинэхэн үүсгээд буй “Соёмбо” фракц чигт сонсогдох боллоо.
Эдгээр гурван улстөрчийн нэгдмэл байр суурь мөн л Тавантолгой төсөл дээр илэрхий байгаа. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хувьд өөрийн өндийж бойжсон “Алтангадас” фракцын зүгээс дэмжлэг горьдох эрхгүй болсон учраас түүний Засгийн газарт одоо Ерөнхийлөгчийн ивээл л нөөлгөө үзүүлэхээс өөр гарцгүй. Энэ нэгдэл Ерөнхийл өгчийн 2017 оны сонгуульд АН-аас хэн нэр дэвшихийг өгүүлээд байх шиг. Элбэгээ хоёр жилийн дараа Төрийн тэргүүний сонгуульд Сайханаагаа дэмжвэл олон нийт түүний зүг анхаарлаа хандуулах өндөр магадлалтай.
“АЛТАНГАДАС” БА Н.АЛТАНХУЯГ ГЭХ НЭГЭН ТОЛГОЙ
Урагшгүй албатуудынхаа “буянаар” Ерөнхий сайдын албанаас түлхэгдэж, АН-ын даргын тушаалаа ч тун дургүй өгсөн Н.Алтанхуягт “Алтангадас” фракцаас өөр найдах зүйл үлдсэнгүй. Оюутолгой, Тавантолгой төсөлд оролцох эрхгүй, том мөнгөний хаялгаас улам бүр холдсоор л байна. Н.Алтанхуягийн хийх улс төр одоо тодорхой. АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд “АНыг фракцгүй болгоно” хэмээн мэдэгдсэн нь түүнд ёстой л бор шидмэс шиг санагдаж байгаа. Н.Алтанхуяг бол АН-ын фракцуудыг хамгийн их өөгшүүлсэн, ээлж ээлжээр нь эмх цэгцтэй хооллосон цорын ганц дарга гэж хэлж болно.
Тэрбээр Ерөнхий сайд болоод МоАХ нд хоёр, “Шонхор” фракцад гурав, МҮДН-д нэг квот олгож байв. Түүнчлэн төрийн албанд Үндэсний зөвлөлдөх хорооны 80 шахам хувийг дангаар бүрдүүлдэг “Алтангадас”-ын гишүүдээ байршуулаад авсан. Гэвч Ч.Сайханбилэг “Алтангадас”-ын хүмүүсийг Засгийн газарт хамтарсан нөхдөөрөө “шүүрдүүлээд” эхэллээ. Энэ нь нэг талаасаа Н.Алтанхуягийн эсрэг үйлдэж буй нүгэл мэт боловч нөгөө талаасаа буян. Яагаад гэвэл төрийн албаны шат болгонд шигээд байсан “Алтангадас”-ынхан ҮЗХ-ны хуралд суух эрх зүйн чадамжгүй болоод байсан юм. Яг ийм шалтгаанаар Н.Алтанхуяг АН-ын даргын суудлаасаа ховхорч унасан билээ. Одоо АН ҮЗХ-гоо хуралдууллаа гэхэд тэнд төрийн албаа өгсөн Н.Алтанхуягийн хүмүүс олонх.
АН ФРАКЦГҮЙ БОЛЖ ЧАДАХ УУ
Энэ бол АН-ын энгийн гишүүд, дэмжигчдийн бараг л туйлын гэж хэлмээр хүсэл мөрөөдөл. АН 25 жилийн өмнө олон намын нэгдлээс үүссэн улс төрийн хүчин. Тэр дотор хуучин, шинэ гээд гарын таван хуруугаар тоолж эс барах олон фракц зэрэгцэн оршдог нь энэ намын имиж болтлоо суурьшжээ. АН фракцуудынхаа нэгдлээр урагшилж, зөрчлөөс болж ухарч явдаг туйлбаргүй ч гэмээр амьд организм. Ялангуяа засгийн эрх барьж буй сүүлийн гурав хүрэхгүй жилд хоёр дахь Засгийнхаа нүүрийг үзээд байгаа нь фракцуудын зөрчил тэмцэл хэрхэн гаарсны нотолгоо юм. Тиймээс АН-ын шинэхэн даргын хувьд “Манай нам фракцгүй боллоо” гээд хэлчихвэл олны талархлыг хүлээх учир З.Энхболд алдарт зарлалаа гэнэт дуулгаж, намынхаа 25 насны төрсөн өдрөөр гэнэтийн бэлэг болгосон биз.
Фракцгүй болж гэмээнэ МАН-д үлгэр болох сайн жишгийг АН тогтооно. Энэ үйл явдал З.Энхболдоор овоглож ч магадгүй. З.Энхболд хэрэв фракцгүй болгохоор үнэхээр шулуудсан бол тэр танхимын халуун алга ташилтын дор өөрийн тэргүүлдэг “Шонхор”- оо тарсныг зарлаж зориглох байсан. Тэр тэгээгүй. З.Энхболдын нэг гарт фракцгүй болох лоозон, нөгөө гарт АН-ыг “Шонхор” нам болгох туг дэрвэж байгаагаас ялгаа юун. АН-ын лидерийн хувьд өөрөөсөө эхлүүлэх өөр нэг том алхам бол намын даргын албан тушаалаа их хурлаараа баталгаажуулах явдал. Саяхны нэгэн цагт З.Энхболд Н.Алтанхуягийг АН-ын дарга гэж үзэхгүй хэмээн мэдэгдэхдээ “Түүнийг ҮЗХ баталснаас биш, АН-ын их хурал батламжлаагүй” гэж байсан билээ. Харин одоо Н.Алтанхуяг З.Энхболдоос ам асуух цаг болсон.
Б.ЭНХЦЭЦЭГ