Америкийн Колорадо мужийн Теллер нуурын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн нь нэгэн төрлийн алтан загасны тоо толгой хэтэрснээс улбаатай гэж орон нутгийн мэргэжилтнүүд дүгнэжээ. Хэдэн жилийн өмнөөс тэрхүү загас нууранд үзэгдэх болсон бөгөөд чухам хэн авчирч, нутагшуулсныг мэдэх хүнгүй байгаа гэнэ. Гэрийн аквариум дахь загасаа нууранд авчирснаар амьдрах чадварыг нь улам нэмэгдүүлснээр үй түм болтлоо үржсэн байх магадлалтай гэж байгаль хамгаалагчид үзжээ. Юутай ч, 4000 гаруй алтан загас нуурын замаг, жараахайг цөлмөж, ялгадас нь экологийн тэнцвэрт байдлыг нь алдагдуулахад хүрээд байгааг судалгаагаар тогтоожээ. Алтан загас тус мужийн нууранд ноёрхож байгаа анхны тохиолдол энэ биш гэнэ. 2012 онд Колорадогийн Тандерберд нуурын ус мөн л бохирдож, бөөн асуудал үүсэхэд буруутан нь “хүсэл биелүүлэгч” загас байсан гэдэг. Тэр үед нуураас 2275 алтан загас “агнасан” байна.