Хэнтий аймгийн Баян-Овоо сумаас Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд “айлчилсан” түймрийг өчигдөр өглөө цурманд оруулсан ч хүчтэй салхины улмаас Баянцагаан, Булан гэдэг газарт цурамнаас түймэр алдагдан, Мөнххаан сумын зүүн талаар асч байгаа аж.
Түүнийг унтраахаар Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь аймаг, нийслэлийн Онцгой байдлын газрын гал сөнөөгчид, цагдаа, цэргийн алба хаагчид, иргэд нийлсэн 600 гаруй хүн ажиллаж байна. Баянцагаан, Буланд Түмэнцогтын олон малчин хаваржиж байгаа тул тэднийг гамшгаас хамгаалах, түймрийг тийш нь алдахгүй байхын тулд Онцгой комиссынхон бүхий л арга хэмжээг авч байгаа гэнэ.
Тус сумын Засаг даргын захирамжаар түймрийн хохирлыг тогтоох ажлын хэсэг томилжээ. Энэ түймэрт уржигдар 18 айлын гэр шатсан бол 15-16-нд шилжих шөнө сумын төвөөс 20 км зайтай газарт байрладаг замын анги галд өртөж, гараашид нь байсан найман машин шатжээ.
Түмэнцогт сумыг тойроод улаан гал маналзаж байгаагаас битүү утаа бүрхэн, 200 метрээс цааш юм харагдахгүй болж, хүмүүсийн хоолой хорсож байгаа гэнэ. Сургууль, цэцэрлэгийг 15, 16-нд түр хааж, гал тогоонд нь хоол цай бэлтгэн, түймэр унтрааж байгаа хүмүүст хүргүүлж байна.
Х.ЭРХЭМ